Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, шинжилгээ, цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна. (2020.12.16, 11:00 цаг)
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хот болон орон нутаг дахь лабораториудад 12711 хүнд PCR шинжилгээ хийхэд нэг хүний шинжилгээнд коронавирус илэрчээ. Энэ нь Сэлэнгэ аймгийн иргэн бөгөөд тусгаарлалт, ажиглалтад байсан хүн аж.
Улсын хэмжээнд батлагдсан тохиолдлын тоо 918 болж, дотоод дахь халдварын 465 дахь тохиолдол бүртгэгдээд байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "Сэлэнгэ аймагт нэг хүнээс коронавирус илэрч, тус аймагт батлагдсан тохиол 216 боллоо. Орхонд ес, Дархан-Уул аймагт 13 хоногийн хугацаанд шинээр коронавирусний тохиолдол бүртгэгдсэнгүй. Одоогоор батлагдсан тохиолдол 918 болж байна. Эдгээрийн 384 нь эдгэрсэн. Өвчтөнүүдэд хуурай ханиах, хамар битүүрэх, бие зарайх, амт үнэр мэдрэхгүй байх, зарим үед нусгайрах шинж тэмдэг илэрч байна. Эмчлүүлж байгаа иргэдийн дийлэнх нь 30-40 насныхан байгаа. Дотоодод кластер халдвар бүртгэгдсэнээс хойш 1440 ойрын хавьтлыг тусгаарласан. Үүнээс 906 хүнийг ажиглалтын байрнаас гаргаад байна. Одоо 534 хүн нэг, хоёр, гурав дахь шинжилгээгээ хийлгээд байж байна. Сүүлийн үед тусгаарлагдсан тохиолдлын ар гэр рүү янз бүрээр дайрах тохиолдол гарч байна. Нэгэнт дэлхий дахинд КОВИД тархсан тул өвдсөн нэгнээ хэзээ ч буруутгаж болохгүй. Харин хувь хүн өөрөө хариуцлагатай, өөрийгөө хамгаалах чадварыг эзэмшсэн байх ёстой. Аль болох гэртээ хүн урихгүй, өөрөө айлд очихгүй, хүний бөөгнөрөлөөс сэргийлэх тал дээр онцгой анхаарах хэрэгтэй" гэсэн мэдээллийг хэвлэлийн хурлын үеэр өглөө.