ЭМЯ-наас өнөөдрийн (2020.12.16) ээлжит мэдээллээ хийлээ.
Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр "Одоогоор 35 тусгаарлах байранд 1169 иргэн байна. Нийслэлд 977, орон нутагт 192 иргэн байна. Сүүлд 26 хүнийг нэмж тусгаарласан. 231 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Өнөөдрөөс гадаадаас иргэдээ татаж авах ажил эхэлж байна. Иймд тусгаарлах байрны бэлтгэлийг ханган ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн ямар буудалд онцгой анхаарч ажиллах талаар зөвлөмж гаргасан. Энэ сард дөрвөн удаагийн нислэгээр 700 гаруй иргэн эх орондоо ирнэ. Тусгаарлах хугацаа 14 хоног байна.Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор ард иргэд, аж ахуй нэгж халдвар хамгааллын дэглэмээ маш сайн сахих ёстой. Тайвшрах цаг болоогүй" гэв.
Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Гаалийн байцаагч хаанаас халдвар авсныг тогтоосон уу?
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, халдварын эх сурвалжийг тандан судалж байна. Халдварын эх уурхай тогтоогдох болоогүй. Тандан судлах, хөөж мөрдөх ажил үргэлжлэн явагдаж байгаа.
-Иргэдээ хэзээнээс вакцинжуулах вэ?
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:
-Дэлхий дээр 10 гаруй вакцин амжилттай туршигдаж байна. Одоогоор дөрвөн улс иргэдээ вакцинжуулж эхэлсэн. Бид КОВАКС хөтөлбөрт нэгдсэн. Вакцин авах асуудалд Засгийн газар анхаарлаа хандуулж байгаа, Ажлын хэсгийнхэн ажиллаж байгаа.