ЭМЯ-наас хийсэн өнөөдрийн (2020.12.16) ээлжит хэвлэлийн хурлын үеэр "Гаалийн байцаагч хаанаас халдвар авсныг тогтоосон уу?" гэсэн сэтгүүлчийн асуултад ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, халдварын эх сурвалжийг тандан судалж байна. Халдварын эх уурхай тогтоогдох болоогүй. Тандан судлах, хөөж мөрдөх ажил үргэлжлэн явагдаж байгаа" гэсэн хариулт өглөө.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хот болон орон нутаг дахь лабораториудад 12711 хүнд PCR шинжилгээ хийхэд нэг хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Энэ нь Сэлэнгэ аймгийн иргэн бөгөөд тусгаарлалт, ажиглалтад байсан хүн аж.
Улсын хэмжээнд батлагдсан тохиолдлын тоо 918 болж, дотоод дахь халдварын 465 дахь тохиолдол бүртгэгдээд байна.