Баянзүрх дүүргийн эмнэлэгт 18 тохиолдол нэмж бүртгэгдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 18

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, шинжилгээ, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. (2020.12.18, 11:00 цагийн байдлаар)

Арванхоёрдугаар сарын 17-нд буюу өчигдөр Улаанбаатар хот болон орон нутаг дахь лабораториудад 9070 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнд коронавирус илэрлээ. 

Эдгээр нь Улаанбаатар хотод хамаарч байгаа бөгөөд шинээр бүртгэгдсэн 18 тохиолдол бүгд өчигдөр хоёр халдвар бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс илэрчээ. Ингэснээр Баянзүрх дүүргийн эмнэлэгт үүссэн голомтоос коронавирусний халдвар авсан хүний тоо 20 болж нэмэгдлээ.

"Баянзүрх дүүргийн эмнэлэгт батлагдсан эхний тохиолдлууд халдвар гарч байсан голомт бүхий газарт амьдардаг бөгөөд тухайн бүс нутгаас эхтэй халдварын голомт үүссэн байх магадлал өндөр байна. Гэхдээ хавьтлыг тандан судлах ажил үргэлжилж байгаа. Халдварын батлагдсан 20 тохиолдлуудын хавьтал болох 645 хүнийг олж тогтоосон. 266 хүнийг тусгаарлан ажиглах байранд тусгаарласан. 369 хүнийг гэрийн ажиглалтад байлгаж байна. Эхний 469 хүнд хийсэн хавьтлын шинжилгээгээр халдвар илрээгүй. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмч, ажилчид, өвчтөнүүд, сахиур гээд нийт 379 хүний тусгаарлан, ажиглаж байна" гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ. 

Ийн Монголд бүртгэгдсэн халдварын тоо 941 боллоо. Үүний 488 нь дотоодод бүртгэгдсэн халдвар болж байна. 
 


ШУУД ҮЗЭХ
 

 

Top