Маск зүүдэг, ариун цэвэр сахидаг хүмүүст халдвар илрэхгүй байна

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 18

ЭМЯ-наас өнөөдрийн (2020.12.18) ээлжит мэдээллээ өглөө. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

-Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 9070 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнд халдвар илэрсэн. Тодруулбал, нийслэлийн БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт үүссэн голомтоос өчигдөр хоёр, өнөөдөр 18, нийтдээ 20 тохиолдол бүртгэгдлээ. Халдвар илэрсэн эхний хүн голомтот бүс нутагт амьдарч байсан нь тогтоогдсон. Гэхдээ халдварын эх сурвалжийг тандах ажил үргэлжилж байна. Халдвартай иргэдийн ойрын хавьтал болох 645 хүнийг олж, 266 хүнийг тусгаарлаж, 469 хүнийг гэрийн ажиглалтад байлгаж байна.

БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт 379 хүнийг тусгаарлан ажиглаж байна. Ойрын хавьтал болсон эмч гэх мэт 266 хүнээс шинжилгээ хийхэд одоогоор халдвар илрээгүй байна. Баянзүрх дүүргийн эмнэлэгт үүсээд байгаа голомтыг тухайн голомтод нь хянах аргаар тандаж байна. Эмнэлгийн ажилчид болон өвчтөнүүдийн ар гэрийг гэрт нь тусгаарласан. Тиймээс ард иргэд айх хэрэггүй. Маск тогтмол зүүдэг, ариун цэвэр сахидаг хүмүүст халдвар илрэхгүй байх тохиолдол ажиглагдаж байна. Халдварын эх уурхайг тогтоодоггүй. Цар тахлын шинэ вирус хаана ч явж болно. Бид ард иргэдийнхээ дунд халдварыг тархааж, алдахгүй байхын тулд боломжит бүх зүйлээ хийж байна.

Сүүлийн 24 цагт аймгуудад шинэ тохиолдол бүртгэгдээгүй.

Кластер голомтод бүртгэгдсэн халдварын тоо 488, Монгол Улсад батлагдсан нийт тохиолдол 941 боллоо. Үүнээс 473 буюу 50,2 хувийг эмчилсэн байна. Одоогоор эмчлүүлж байгаа иргэдийн эмнэлзүйн шинж нь маш 1, хүнд 3, хүндэвтэр 32, бусад нь хөнгөн байна. 

Өчигдөр Франкфуртын тусгай үүргийн онгоцоор ирсэн 173 хүнээс шинжилгээ авахад халдвар илрээгүй. 
 

Top