Арванхоёрдугаар сарын 17-нд буюу өчигдөр Улаанбаатар хот болон орон нутаг дахь лабораториудад 9070 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнд коронавирус илэрлээ. Эдгээр нь Улаанбаатар хотод хамаарч байгаа бөгөөд шинээр бүртгэгдсэн 18 тохиолдол бүгд өчигдөр хоёр халдвар бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс илэрчээ. Ингэснээр тус Баянзүрх дүүргийн эмнэлэгт үүссэн голомтоос коронавирусний халдвар авсан хүний тоо 20 болж нэмэгдлээ.
Сүүлийн 24 цагийн нэгтгэсэн мэдээллээр Монголд бүртгэгдсэн халдварын тоо 941 боллоо. Үүний 488 нь дотоодод бүртгэгдсэн халдвар болоод байна.
ЭМЯ-ны Хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах мэдээллийг өгсөн юм.
-Өнөөдрийн халдвар илэрсэн 18 хүн бүгд эмнэлэг дотор халдвар авсан. Гадагш вирус тараагаагүй. 12 өвчтөн, 3 сувилагч, 3 сахиурын хүн байгаа.
Баянзүрх дүүргийн эмнэлэгт батлагдсан эхний тохиолдлууд халдвар гарч байсан голомт бүхий газарт амьдардаг бөгөөд тухайн бүс нутгаас эхтэй халдварын голомт үүссэн байх магадлал өндөр байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтын эхний тохиолдол төмөр замын голомтоос улбаатай байх магадлалтай. Бид нарийн хаяг, хүмүүсийн нэрийг зарлахгүй. Бүх хавьтлыг тогтоож байгаа.
Халдварын батлагдсан 20 тохиолдлуудын хавьтал болох 645 хүнийг олж тогтоосон. 266 хүнийг тусгаарлан ажиглах байранд тусгаарласан. 369 хүнийг гэрийн ажиглалтад байлгаж байна. Эхний 469 хүнд хийсэн хавьтлын шинжилгээгээр халдвар илрээгүй. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмч, ажилчид, өвчтөнүүд, сахиур гээд нийт 379 хүний тусгаарлан, ажиглаж байна.
Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэж байсан халдвартай хүн энэ сарын 15-нд эмнэлгээс гарсан гэж мэдээлсэн. Бид түүнийг тэр дор нь гэрээс нь эмнэлэгт авчирч, гэр бүлийн хүмүүсийг нь тусгаарласан.
ХӨСҮТ ачааллаа даахгүй, хэцүү болсон зүйл байхгүй. Хэвийн ажиллаж байгаа. Халдвар авсан эмнэлгийн ажилтнууд эдгэрсэн. ХӨСҮТ дэх голомт устсан гэж хэлж болно.
ШУУД ҮЗЭХ