БЗД-ийн эмнэлэгт 6, Франкфуртаас ирсэн иргэдээс 6 халдвар илэрлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 19

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, шинжилгээ, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. (2020.12.19, 11:00 цаг)

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 18-нд Улаанбаатар хот болон холбогдох лабораториудад 11191 хүнд PCR шинжилгээ хийхэд 12 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Энэ халдварууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ. 12 тохиолдлын зургаа нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтод бүртгэгдсэн бол зургаа нь 2020 оны арванхоёрдугаар сарын 16-нд Улаанбаатар - Франкфуртын чиглэлийн онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээнээс илэрлээ. 

Ийн өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтод бүртгэгдсэн халдварын тоо 26 боллоо. Эдгээр хүмүүсийн ойрын болон дам хавьтлын тоо 803 болсон байна. Хавьтлуудын давтан шинжилгээнээс халдвар илрээгүй. 

Ингээд өнөөдрийн байдлаар дотоодын халдвар 494 хүрч, нийт батлагдсан тохиолдол 953 боллоо.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт халдвар нэмж бүртгэгдээгүй байна.

"Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт үүссэн голомтын ойрын болон хоёрдогч хавьтлын 803 хүнийг илрүүлж, хяналтад авсан. Тусгаарлалтын байранд 133 хүн, БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт эмч, ажилчид, өвчтөн, сахиурууд бүхий 379 хүн, гэрийн ажиглалт, тандалтад 291 хүн байна. Нийт хавьтлуудын 703 хүн нь шинжилгээнд бүрэн хамрагдсан. Өчигдөр бид 24 цагийн турш Баянзүрх дүүргийн үүссэн голомтод ажилласан. Батлагдсан 18 тохиолдлоо зөөвөрлөх, тусгаарлах, ойрын хавьтал 42 хүнийг ажиглан тусгаарлах, шинжилгээ авах, хоёрдогч хавьтал болсон 48 хүнийг гэрт нь тусгаарлах, шинжилгээ авах, хоёрдогч хавьтлын 100 гаруй хүнээс дахин шинжилгээ авах зэрэг ажлууд өчигдөр үргэлжилсэн. Тандалт үргэлжилж байгаа" гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. 

Өнөөдөр ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан 36 хүн эдгэрч, Яармагийн эмнэлэг рүү ажиглалтад шилжжээ. Одоогоор ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг болон Сэлэнгэ аймагт гээд улсын хэмжээнд нийт 435 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. 
 

  • ХӨСҮТ-д 81 хүн байгаагийн 70 нь хөнгөн, 10 нь хүндэвтэр, 1 хүний биеийн байдал хүнд байна. 
     
  • Цэргийн төв эмнэлэгт 126 хүн эмчлүүлж байгаагийн 106 нь хөнгөн, 17 нь хүндэвтэр, 2 нь хүнд, 1 нь маш хүнд байдалтай байна.
     
  • Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 20 хүн эмчлүүлж байгаа бөгөөд бүгдийнх нь биеийн байдал хөнгөн байгаа аж. 

Улсын хэмжээнд коронавирусний батлагдсан нийт 953 тохиолдол байгаагийн 509 хүн буюу 53.4% нь эдгэрчээ. 

Вирус өөрөө наалдамтгай байдаг. Тиймээс халдвар энд тэнд алаг цоог бүртгэгдэх магадлал өндөр тул хүн бүр аль болох гэрээсээ гарахгүй байх, маскаа зүүх, гараа сайн угаах шаардлагатай байна гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ. 
 


 

 

Top