ЭМЯ-наас өнөөдрийн (2020.12.19) ээлжит мэдээллээ өглөө.
Өчигдөр нийт 11190 хүнд шинжилгээ хийхэд Улаанбаатар хотоос 12 хүнд халдвар илэрлээ. Үүний зургаа нь БЗД-ийн голомтоос, зургаа нь энэ сарын 16-нд Франкфуртаас ирсэн иргэдээс илэрсэн байна. БЗД-ийн Нэгдсэн эмнэлгээс голомтлон гарсан халдвараар нийт 26 хүн өвчилж, ойрын болон дам хавьтлын тоо 803 болжээ.
Бусад аймагт батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй.
Өнөөдөр ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан 36 хүн эдгэрч, Яармагийн эмнэлэг рүү ажиглалтад шилжжээ. Одоогоор ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг болон Сэлэнгэ аймагт гээд улсын хэмжээнд нийт 435 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна.
Улсын хэмжээнд коронавирусний батлагдсан нийт 953 тохиолдол байгаагийн 509 хүн буюу 53.4 хувь нь эдгэрчээ.
Вирус өөрөө наалдамтгай байдаг. Тиймээс халдвар энд тэнд алаг цоог бүртгэгдэх магадлал өндөр тул хүн бүр аль болох гэрээсээ гарахгүй байх, маскаа зүүх, гараа сайн угаах шаардлагатай байна гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.