Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, шинжилгээ, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. (2020.12.19, 11:00 цаг)
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хот болон холбогдох лабораториудад 11191 хүнд PCR шинжилгээ хийхэд 12 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Энэ халдварууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ. 12 тохиолдлын зургаа нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтод бүртгэгдсэн бол зургаа нь 2020 оны арванхоёрдугаар сарын 16-нд Улаанбаатар - Франкфуртын чиглэлийн онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээнээс илэрчээ.
Ийн өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтод бүртгэгдсэн халдварын тоо 26 боллоо. Эдгээр хүмүүсийн ойрын болон дам хавьтлын тоо 803 болсон байна.
БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтын 803 хавьтлаас 703-ыг нь шинжилгээнд бүрэн хамруулжээ
"Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт үүссэн голомтын ойрын болон хоёрдогч хавьтлын 803 хүнийг илрүүлж, хяналтад авсан. Тусгаарлалтын байранд 133 хүн, БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт эмч, ажилчид, өвчтөн, сахиурууд бүхий 379 хүн, гэрийн ажиглалт, тандалтад 291 хүн байна. Нийт хавьтлуудын 703 хүн нь шинжилгээнд бүрэн хамрагдсан. Өчигдөр бид 24 цагийн турш Баянзүрх дүүргийн үүссэн голомтод ажилласан. Батлагдсан 18 тохиолдлоо зөөвөрлөх, тусгаарлах, ойрын хавьтал 42 хүнийг ажиглан тусгаарлах, шинжилгээ авах, хоёрдогч хавьтал болсон 48 хүнийг гэрт нь тусгаарлах, шинжилгээ авах, хоёрдогч хавьтлын 100 гаруй хүнээс дахин шинжилгээ авах зэрэг ажлууд өчигдөр үргэлжилсэн. Тандалт үргэлжилж байгаа" гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Ингээд өнөөдрийн байдлаар дотоодын халдвар 494 хүрч, нийт батлагдсан тохиолдол 953 боллоо.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт халдвар нэмж бүртгэгдээгүй сайн мэдээтэй.