БЗД-ийн эмнэлгээс өвчтөн, сахиур, ажилтнууд ХАЛДВАР авчээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 19

Нийслэлийн Онцгой комиссоос шуурхай мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар энэ үеэр "Өнөөдрийн байдлаар тус эмнэлгээс кластерлан гарсан коронавирусний халдварын тохиолдол 26 хүрээд байна. Эмнэлгийн үйлчлүүлэгч, сахиур, эрүүл мэндийн ажилтнуудаас халдвар оношлогдлоо. Баянзүрх дүүргийн эмнэлэгт халдвар гарсантай холбоотойгоор ойрын болон дам хавьтлын 1000 гаруй хүнээс шинжилгээ авсан. Ойрын хавьтлуудыг тусгаарласан. Өнөөдөр, маргааш дам хавьтлын тандалт хийгдээд, шинжилгээ аваад явж байна. Шинэ нөхцөл байдал үүсэж, дам хавьтлын тоо нэмэгдэх хандлагатай байна" гэв.

Түүнчлэн "Нөхцөл байдал сайнгүй байна. Хүмүүс хөдөлгөөнд оролцох нь улам нэмэгдэж байна. Энэ сайн зүйл биш. Иргэд хөдөлгөөнөө багасгах хэрэгтэй. Олон улсын жишгээс харахад эмнэлэг өөрөө халдвар тараах нэгдүгээр зэргийн буюу хамгийн өндөр эрсдэлтэйд тооцогдож байна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг нь 400 гаруй ортой, Баянзүрх дүүргийн иргэдэд даатгалаар үйлчилдэг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага. Баянзүрх дүүргийн эмнэлгээс үйлчилгээ авах шаардлагатай иргэдийг Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Улсын II төв эмнэлэг, АШУҮИС-ийн Ботаник дахь шинэ эмнэлэг,  "Энэрэл" эмнэлэгт үзүүлэхээр зохицуулалт хийсэн. Хүүхдийн тусламж, үйлчилгээг Сүхбаатар дүүргийн эмнэлэгт шилжүүлсэн. Дүүргийн иргэдийн хувьд эрүүл мэндийн үйлчилгээ авахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсээгүй, бусад эмнэлгүүдээр хэвийн үйлчлүүлж байгаа.

Иргэдэд хандаж хэлэхэд халдвар авах эрсдэл бидэнд ойрхон байна. Батлагдсан тохиолдлуудыг харахад, гэр бүлийн хүрээнд халдвар тархах магадлал өндөр байгаа. Иймд иргэд маань бүгд дор бүрнээ анхааралтай байгаарай. Гэр бүлийн гишүүдийн нэг нь л халдвар хамгааллын дэглэмийг мөрдөөгүй байхад бүх хүн эрсдэлд орно гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Ажилтнуудаа аль болох гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангахыг албан байгууллагуудад уриалж байна" гэв.
 

Top