НОК: Баянзүрх дүүрэгт одоохондоо хөл хорио тогтоох шаардлагагүй

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 19


Баянзүрх дүүрэгт хэсэгчилсэн хөл хорио тогтоож, тэг зогсолт хийх хувилбарыг Улсын онцгой комиссоос санал болгож, Нийслэлийн онцгой комисс энэ асуудлыг 19.00 цагаас зарласан хурлаараа хэлэлцлээ. 

Тус хуралдаанаас Баянзүрх дүүрэгт одоохондоо хөл хорио тогтоох шаардлагагүй гэж шийдвэрлэсэн бөгөөд өнөө шөнөдөө халдварын тархалтын нөхцөл байдлыг харах, тандах нь зөв гэж үзсэн байна.

Нөхцөл байдлаас шалтгаалан уг асуудлыг дахин хэлэлцэх болжээ.  

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн халдвартай нь тогтоогдож, тус эмнэлгээс голомтлон гарсан коронавирусний халдварын тохиолдол 26 хүрч, ойрын болон дам хавьтлын тоо 1000 гарсан. Тиймээс үүнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хэсэгчилсэн хөл хорио тогтоох асуудлыг тавиад байгаа юм. Мөн Баянзүрх дүүргийн 80 мянган өрхөөс коронавирусний шинжилгээ авахаар төлөвлөжээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тус дүүргийн эмнэлэгт үүсээд буй нөхцөл байдлын талаар "Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт үүссэн голомтын ойрын болон хоёрдогч хавьтлын 803 хүнийг илрүүлж, хяналтад авсан. Тусгаарлалтын байранд 133 хүн, БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт эмч, ажилчид, өвчтөн, сахиурууд бүхий 379 хүн, гэрийн ажиглалт, тандалтад 291 хүн байна. Нийт хавьтлуудын 703 хүн нь шинжилгээнд бүрэн хамрагдсан. Өчигдөр бид 24 цагийн турш Баянзүрх дүүргийн үүссэн голомтод ажилласан. Батлагдсан тохиолдлоо зөөвөрлөх, тусгаарлах, ойрын хавьтал 42 хүнийг ажиглан тусгаарлах, шинжилгээ авах, хоёрдогч хавьтал болсон 48 хүнийг гэрт нь тусгаарлах, шинжилгээ авах, хоёрдогч хавьтлын 100 гаруй хүнээс дахин шинжилгээ авах зэрэг ажлууд өчигдөр үргэлжилсэн. Тандалт үргэлжилж байгаа" гэж өнөөдөр мэдээлсэн.

Харин нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар "Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан үйлчлүүлэгчдээс гадна сахиур, эрүүл мэндийн ажилтнуудаас халдвар илэрсэн. Баянзүрх дүүргийн эмнэлэгт халдвар гарсантай холбоотойгоор ойрын болон дам хавьтлын 1000 гаруй хүнээс шинжилгээ авсан. Ойрын хавьтлуудыг тусгаарласан. Өнөөдөр, маргааш дам хавьтлын тандалт хийж, шинжилгээ авах ажлыг үргэлжлүүлнэ. Шинэ нөхцөл байдал үүсэж, дам хавьтлын тоо нэмэгдэх хандлагатай байна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг нь 400 гаруй ортой, Баянзүрх дүүргийн иргэдэд даатгалаар үйлчилдэг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага. Баянзүрх дүүргийн эмнэлгээс үйлчилгээ авах шаардлагатай иргэдийг Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Улсын II төв эмнэлэг, АШУҮИС-ийн Ботаник дахь шинэ эмнэлэг,  "Энэрэл" эмнэлэгт үзүүлэхээр зохицуулалт хийсэн. Хүүхдийн тусламж, үйлчилгээг Сүхбаатар дүүргийн эмнэлэгт шилжүүлсэн. Дүүргийн иргэдийн хувьд эрүүл мэндийн үйлчилгээ авахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсээгүй, бусад эмнэлгүүдээр хэвийн үйлчлүүлж байгаа" гэсэн мэдээллийг өнөөдөр мөн өгсөн юм. 

 

Top