ЭМЯ: Нийслэлд хүний НЯГТРАЛЫГ БУУРУУЛАХ хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 20

ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл дараах анхааруулгыг өглөө. 

Тэрбээр "ЗӨСҮТ-ийн баг 24 цагаар ажиллан, голомтын эцсийн халдваргүйтгэлийг хийж байна. Тусгай дугаарын долоон утсанд иргэдийн дуудлагыг хүлээн авч, зөвлөмж зөвлөгөө өгч байгаа. Дэлхийн олон оронд халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор хүний хөдөлгөөн, нягтралыг багасгах нь халдвартай тэмцэх үндсэн арга болж байна. Олон хүн нэг дор байх нь халдвар тархах эрсдэлийг нэмж байна. Залуус гадуур явж, халдвар ихээр авч, ахмад настай хүмүүст халдааснаар өвчлөл хүндрэх нөхцөл болж байгаа. Манай улсад гэр бүлийн хүрээнд халдварлах байдал 10-86 хувьтай байна.

Хүний нягтралыг багасгах, холын зайнаас харилцах, амны хаалтаа тогтмол зүүх, гараа сайтар савандаж угаах, гэр орноо цэвэрлэх нь цар тахлын үед зайлшгүй хэрэгтэй дэглэм юм. Манай орны хувьд хамт ажиллаж байгаа, нэг өрөө тасалгааны хүмүүс өвдөх эрсдэл их байна.

Нийслэлд хүний нягтралаа бууруулах арга хэмжээ авах хэрэгтэй. Аж ахуйн нэгж байгууллагууд ажилчдынхаа тоог цөөлж, гуравны хоёр хувийг нь гэрээсээ ажиллах боломж нөхцөлөөр хангах хэрэгтэй байна. Албан байгууллагууд ажлын байрандаа хүн хоорондын зайг 1.5-2 метрт байхаар тохируулж, байгалийн агааржуулалтаас гадна шүүлтүүртэй агааржуулалт хэрэглэх хэрэгтэй" гэв. 

Мөн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнөөдөр нэмэгдсэн найман тохиолдлын зургаа нь Баянзүрх дүүргийн эмнэлгээс илэрсэн. Хоёр нь Герман, Унгараас тусгай үүргийн нислэгээс ирсэн хүмүүсээс илэрсэн. Бид тусгай үүргийн онгоцоор ирж байгаа иргэдээс 24-48 цагийн дотор шинжилгээ авч байгаа. Тийм учраас эдгээр хүмүүсийг гадаадын улс оронд байхдаа халдвар авсан байна гэж үзнэ. Улаанбаатар хотод том том голомтолсон халдвар бүртгэгдэж байна. Иргэдийн дунд шинж тэмдэггүй буюу хөнгөн балархай хэлбэрээр өвчилсөн хүн байх эрсдэл өндөр байна. Энэ цаг үед гаднаас халдвартай хүмүүсийг зөөвөрлөх нь эрсдлийг нэмэгдүүлж байна. Халдвартай хүний тоо хэдий олон болно, төдий чиний иргэдийн дунд халдвар авах магадлал нэмэгдэнэ. Дотоодын голомтыг хязгаарлаж, цомхотгож байгаа цаг үед гаднаас халдвар нэмэгдэж ирвэл мэргэжлийн байгууллагуудад хүнд тусна. Үүнийг цааш цаашдаа анхаарах байх" гэсэн юм. 

Top