Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. (2020.12.21-ний 11:00 цаг)
Улаанбаатар хотод коронавирусний 31 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс нэг зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдлээ. Бусад кластер халдвартай аймгуудад шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.
Баянзүрх дүүргийн голомтын ойрын болон дам хавьтлын 1136 хүнийг илрүүлж шинжилгээнд хамруулан ажиглалт тандалтыг хийж байна. Үүнээс ойрын хавьтал 622 хүнийг ажиглан тусгаарлах байруудад тусгаарласан.
Баянзүрх дүүргийн эмнэлэгт бүртгэгдсэн 62 тохиолдлын 46 нь эхний шинжилгээгээр, 16 нь давтан шинжилгээгээр гарсан байна. Өнөөдөр ойрын хавьтлуудын давтан шинжилгээг хийх, нэмж хавьтлуудыг илрүүлэх үйл ажиллагааг НЭМГ, ХӨСҮТ хамтран зохион байгуулж байна. Өвдсөн өвчтөнүүд Цэргийн төв эмнэлэгт эмчлэгдэж байгаа. Энэ бол нэлээд өргөн хүрээтэй том дэгдэлт гарлаа. Тиймээс ард иргэд халдвараас сэргийлэх, өөрсдийгөө хамгаалах тал дээр ихээхэн анхаарах шаардлагатай болж байна.
Баянзүрх дүүрэгт гарсан халдварын дэгдэлт арванхоёрдугаар сарын 16-21-ний өдрийг хүртэлх хугацаанд 62 тохиолдол бүртгэгдээд байна. Нийслэл хотын хэмжээнд хавьтлууд, дээрээс нь батлагдсан тохиолдлын ар гэр, гэр байрных нь байршил зургаан дүүрэгт дархсан байгаа учраас ард иргэд маань вирус хүн амын дунд идэвхтэй эргэлтэнд байна гэж ойлгож өөрийгөө хамгаалах, маскаа зүүх, зай барих, аль болох гэрээсээ гарахгүй байх тал дээр онцгой анхаарах хэрэгтэй.
Хуучин уламжлалаараа шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулах асуудал ил далд байгаа мэдээллүүд байна. Тиймээс иргэд аль болох бөөгнөрөхгүй, гэр гэртээ байж, халдвараас сэргийлэх, өөрсдийгөө өвчлүүлэхгүй байх, ойр дотнынхоо хүмүүсийг халдвараас хамгаалахад онцгой анхаарах хэрэгтэйг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа зөвлөлөө.
ШУУД ҮЗЭХ