А.Амбасэлмаа: Өргөн хүрээтэй том дэгдэлт гарлаа

2020 оны 12 сарын 21

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө (2020.12.21-ний 11:00 цаг)


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Баянзүрх дүүрэгт гарсан халдварын дэгдэлт арванхоёрдугаар сарын 16-21-ний  өдрийг хүртэлх хугацаанд 62 тохиолдол бүртгэгдээд байна. Тэдний 46 нь эхний шинжилгээгээр, 16 нь давтан шинжилгээгээр гарсан байна.

Тус эмнэлэгт батлагдсан 62 тохиолдын 12 нь эмнэлгийн эмч, 6 нь сахиур, 8 нь арванхоёрдугаар сарын 11-16-ны хооронд эмнэлгээс гарсан иргэд, үлдсэн 36 нь эмнэлэгт байгаа  хүмүүсээс илрээд байна.

Өнөөдөр ойрын хавьтлуудын давтан шинжилгээг хийх, нэмж хавьтлуудыг илрүүлэх үйл ажиллагааг НЭМГ, ХӨСҮТ хамтран зохион байгуулж байна. Өвдсөн өвчтөнүүд Цэргийн төв эмнэлэгт эмчлэгдэж байгаа. Энэ бол нэлээд өргөн хүрээтэй том дэгдэлт гарлаа. Тиймээс ард иргэд халдвараас сэргийлэх, өөрсдийгөө хамгаалах тал дээр нэлээд анхаарах шаардлагатай болж байна.

Нийслэл хотын хэмжээнд хавьтлууд, дээрээс нь батлагдсан тохиолдлын ар гэр, гэр байрных нь байршил нийслэлийн зургаан дүүрэгт дархсан байгаа учраас ард иргэд маань вирус хүн амын дунд идэвхтэй эргэлтэнд байна гэж ойлгож өөрийгөө хамгаалах, маскаа зүүх, зай барих, аль болох гэрээсээ гарахгүй байх тал дээр онцгой анхаарах хэрэгтэй.

Хуучин уламжлалаараа шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулах асуудал ил далд байгаа мэдээлэлүүд байна. Тиймээс иргэд аль болох бөөгнөрөхгүй, гэр гэртээ байж, халдвараас сэргийлэх, өөрсдийгөө өвчлүүлэхгүй байх, ойр дотныхноо халдвараас хамгаалах тал дээр онцгой анхаарах хэрэгтэй" гэв.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод коронавирусний 31 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Үүнээс нэг зөөвөрлөгдсөн тохиолдол байна. Бусад кластер халдвартай аймгуудад шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.

Коронавируст халдвар Монгол Улсын хэмжээнд 993 боллоо. Үүнээс 509 хүн эдгэрсэн бол 475 хүн эмчлэгдэж байна.

 

 

Top