З.Баттулга: Улаанбаатараас ирсэн 2400 иргэн ажиглалтад байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 12 сарын 21

Манай сурвалжлагч Говь-Алтай аймагт ажиллаж байна.

 

Засгийн газрын шийдвэрээр 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний 06.00 цагаас эхлэн Улаанбаатар хот болон Архангай, Сэлэнгээс бусад аймгууд Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлд  шилжсэн.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлээс  Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлд  шилжээд буй энэ үед Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас аймгийн хэмжээнд ямар арга хэмжээ авч ажиллаж буйг тус газрын дарга З.Баттулгаас тодруулсан байна.


-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийн үед 40-өөд пост дээр,  200-аад албан хаагч ажиллаж байсан бол зэрэглэл буурсантай холбоотойгоор 3 пост дээр,  аймаг хоорондын хөдөлгөөнд хяналт тавьж,  ажиллаж байна. Аймаг доторх хөдөлгөөнийг бүртгэж байгаа. Гэхдээ чөлөөтэй явж байна. Бүсийн аймаг  хооронд болон хот руу явж байгаа чиглэлд заавал бүртгэлжүүлж,  тусгай зөвшөөрлийн бичиг өгч байна.

Хүнс, шатахуун,  эм эмнэлгийн хэрэгсэл зэрэг чухал шаардлагатай зүйлсийн тээвэрлэлт,  гачигдал, зовлон тулгарсан, эмнэлгийн яаралтай тусламж авах шаардлагатай иргэдэд зөвшөөрөл өгч,  зорчуулж байгаа.

Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн өдрүүдэд нийслэлээс 4000 орчим иргэн ирсэн. Тэдгээр иргэдийг бүгдийг нь гэрийн ажиглалтад авсан. Одоогоор 2400 орчим иргэн ажиглалтад байна.  Бусад нь шинжилгээ өгөөд, үзлэг хяналтад ороод, ажиглалтаас гараад байна.

Аймгийн Засаг даргын захирамжаар  энэ сарын 25-ны өдрийг дуустал эргүүл пост дээр идэвхжүүлсэн байдалтайгаар бүртгэл тооцооллоо хийгээд явна. Ажиглалтад байгаа иргэдийг Сумын засаг даргын тамгын газрууд, Эрүүл мэндийн төвүүд, Улаан загалмайн нийгэмлэг гэсэн байгууллагууд  байнга хяналтад байлгаж байна. Нийслэлээс сүүлд ирсэн иргэдийн ажиглалтын хугацаа нь 2021 оны нэгдүгээр сарын 5-6 гэхэд дуусахаар байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top