А.Амбасэлмаа: Баянзүрхийн Нэгдсэн эмнэлгийн голомтын эрсдэл өндөр байна

2020 оны 12 сарын 22

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өглөө /2020.12.22, 11:00 цаг/


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өнгөрсөн өдөр лаборториудад 12357 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирусний халдвар илэрлээ. Халдвар илэрсэн шинжилгээ БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт гарсан голомтын дэлгэлттэй холбоотойгоор гарсан байна. Үүнд эмнэлгийн ажилтан 2, сахиур 2, өвчтөн 4, гэр бүлийн хавьтал 5 хүнээс илэрлээ. Тус дүүргийн эмнэлгээс голомтлон гарсан халдварын тоо 75 боллоо. Энэ нь шинэ голомт болж байна.

Нийслэл хотод энэ халдварын тархалт энд тэнд байршилтай учраас гарах эрсдэл өндөр байгаа. Тус дүүргийн эмнэлэгт голомтлон гарсан халдвартай холбоотой хавьтал, түүнийг тандан судлах ажиллагаатай холбоотой ажил үргэлжилж, өчигдрөөс хойш 113 шинэ хавьтлыг олж, тандалт судалгаанд оруулсан. БЗД-т бүртгэгдсэн 75 тохиолдлын ойрын хавьтлын нийт 1249 хүнийг илрүүлэн шинжилгээнд хамруулсан. Үүнээс 240 хүнд давтан шинжилгээ хийсэн. Зарим шинжилгээнүүд үргэлжлэн явагдаж байна.

БЗД-ийн эмнэлэгт гарсан халдвар бол шинээр үүссэн голомт. Тус дүүргийн голомттой хэлхээ холбоотой эмнэлгээс эмчүүлээд гарсан, мөн эмнэлгийн ажилчид, өвчилсөн хүмүүсийн ар гэр байгаа учраас үүнд сайн анхаарах хэрэгтэй. Бид өвчлөлийн нууц үеийн хугацаанаас урагшаа хөөгөөд, өмнө нь халдвар авсан байх эрсдэл байн уу гэдгийг судлахын тулд арванхоёрдугаар сарын 08-аас хойш эмнэлгээр үйлчлүүлсэн хүмүүсийг тандан судалж, шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна. Тэгэхээр энэ найман хүний явсан газар, ажиллаж амьдарч байсан бүх л тандалт судалгаануудыг хийгээд ойрын хавьтлуудыг өчигдрөөс хойш тусгаарлаад явж байна. Магадгүй энэ хүмүүс хавьтлаа санахгүй байх, мартаж санах зүйл байх учраас хавьтлууд энд тэнд явах эрсдэлтэй. Тийм учраас бүх хүн ам маань халдвараас сэргийлэх тал дээр онцгой анхаарахыг байнга захиж байгаа нь ийм учиртай.

Энэ нь агаар дуслын замаар халддаг халдвар учраас нууц үеийн хугацаанд мэдэхгүйгээр санамсаргүй явж байгаад халдварт өртөх, халдвар тараах асуудал цар тахлын үед гардаг асуудал.


Голомт үүссэг бусад аймгуудад халдвар нэмж бүртгэгдээгүй байна.

Дотоодын халдвар улсын хэмжээнд 544 байна. Үүнд: 

  • Улаанбаатар- 219
  • Сэлэнгэ- 216
  • Дархан-Уул- 45
  • Дорноговь- 32
  • Орхон- 25
  • Говьсүмбэр-4
  • Архангай-3

Улсын хэмжээнд коронавирусний нийт халдварын тоо 1006 болсон. Үүнээс 392 тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн байн.

Халдвар авсан өвчтөнүүдээс 541 хүн эдгэрч, 456 хүн эмчлэгдэж байна. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ

 

 

Top