Улаанбаатар хот 2021 он гартал ХАТУУ ХӨЛ ХОРИОНД шилжлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 12 сарын 23

Өнөөдөр  /2020.12.23/  өглөөний 06:00 цагаас эхлэн Улаанбаатар хотод хатуу хөл хорионы шийдвэр хэрэгжиж эхэллээ.

Улаанбаатар хотод 14 хоногийн хугацаатай хөл хорио тогтоох Улсын Онцгой Комиссын саналыг Засгийн газар /2020.12.21/  баталгаажуулан, шийдвэрлэсний дагуу ийнхүү 2021.01.06-ны өдөр хүртэл Улаанбаатарчууд хөл хорионы дэглэм сахих үүрэг хүлээж байна.

Шадар сайд Я.Содбаатар  Засгийн газрын шийдвэрийг танилцуулахдаа  "Нэгдүгээрт, бид иргэдийн эрүүл мэндийг хамгаалах ёстой. Голомтыг хумьж, тархалтыг таслан зогсоохоор ажиллаж байна. Баянзүрх дүүрэгт голомтолж гарсан тохиолдол өдөрт 20-30 хүнээр нэмэгдэж байна. 11-15-ны хооронд эмнэлэгт хэвтээд гарсан хүмүүсээс халдвар илэрч байна. Энэ нь иргэдийн дунд тархсан гэсэн үг. Тиймээс хөл хорио тогтоох шаардлагатай болоод байна"  гэсэн билээ.

Хөл хорионы хугацаанд  15 салбарын үйл ажиллагаа хязгаарлагдахгүйгээр явагдах юм. Гэхдээ цар тахлын эрсдэл хүн нэг бүрт тулгараад буй энэ үед үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүд ажлын байран дээрээ аль болох цөөн хүн ажиллуулах чиглэл барих хэрэгтэйг УОК, НОК-оос анхааруулж байна.

Үйл ажиллагаа явуулах төрийн захиргааны байгууллагууд гэхэд  нийт ажилчдынхаа 10-15 хувийг ажлын байран дээрээ ирүүлж, ажиллуулах аж.

Коронавирусний тархалтын голомтуудыг бага дээр нь буюу богино хугацаанд хумих нь нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалтай шууд холбоотой учраас 14 хоногийн хугацаанд нийслэлийн иргэд дор бүрнээ хариуцлагаа  ухамсарлах ёстойг сануулахад илүүдэхгүй биз ээ.

 

Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй 15 салбар

 

  • Эрчим хүч, дулаан сайжруулсан түлшээр хангах үйл ажиллагаа
  • Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  • Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  • Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  • Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагын үйл ажиллагаа, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт
  • Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
  • Хот, суурины ус хангах, ариутгах, татуургын ашиглалтын үйл ажиллагаа
  • Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа
  • Банкны үйл ажиллагаа
  • Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа
  • Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа
  • Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа
  • Оршуулгын үйл ажиллагаа
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд харах төв
  • Төрийн захиргааны зарим байгууллага багтаж байна.

 

Эдгээр салбарт үйл ажиллагаа явуулдаг 23,900 иргэний  автомашинд 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө олгогдсон QR код автоматаар идэвхжих аж. Гэхдээ QR кодыг шинээр заавал хэвлүүлэх ёстой. Өмнө нь код авсан бол smartcar.mn сайт руу орж, хэвлэж авах аж.

Top