Монгол Улс даяар коронавирусний халдварын батлагдсан тохиолдол өнөөдөр 993 болж түүний дийлэнх хувь нь буюу 206 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Нийслэлд бүртгэгдсэн тохиолдлын 62 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс голомтлон гарав. Зөвхөн өнөөдөр гэхэд тус эмнэлгээс коронавирусний 31 тохиолдол шинээр бүртгэгдэж байгаа нь аюулын харанга биш гэж үү.
Арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс хөл хорионд сар гаруй болсон иргэдийн тэвчээр алдарч, хөл хориогоо сулла, биднийг чөлөөл, эрх чөлөө, аж амьдрал хэцүүдлээ хэмээн орилж хашхирцгаасан. Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 14-нөөс хөл хориог шаталсан байдлаар цуцалж хүмүүс амьдралынхаа хэмнэлд эргэн оров. Гадуур сэтгүүцэхгүй бол гандаж гундчих гээд, ууж идэхгүй бол уруудаж доройтчих гээд байдаг иргэд маань орж гарах эрхээ өөрийнхөөрөө эдлэн, 17 градусаас дээшгүй “амтат ундаа”-гаа ч тааваараа хүртсэн нь мэдээж. Энэ хугацаанд Цагдаагийн ерөнхий газрын хоногийн мэдээгээр нэг шөнө л гэхэд 200 гаруй хүн эрүүлжүүлэхэд сэрж, гэр бүлийн хүрээнд 100 гаруй хүчирхийлэлийн тохиолдол үйлдэгдэж байна гэх мэдээ ч чих дэлсэв.
Монголчууд өнгөрсөн хавар нэг франц иргэнээс коронавирус илэрлээ гэхэд айхтар цочмог хүлээн авч дээр, дооргүй сандралдаж, хамаг захыг нүүлгэж, лангууг хоосолсон санагдана. Хаа очиж тэр хүн амны хаалтаа тогтмол зүүж, дэглэмээ барьснаар халдвараа нэг ч хүнд халдаагаагүй өнгөрсөн. Мууд чих дасахдаа амар байдаг аж. Өдөр бүр цар тахлын мэдээнд булуулж дөжирсөн ард түмэн минь өдөрт 10, 20-иороо халдвар тарж байгаад ажирсан шинжгүй байгаа нь харамсалтай.
Титэмт вирусний нүдэнд үл үзэгдэх мангас агаарт олзоо отон нисэлдэж, алхам тутамд идшээ хайн хэвтэж буй гэдгийг бүтэн жил сануулсан, сэрэмжлүүлсэн. Одоо бол яг бидний дэргэд, магадгүй таны хажууд тун ойрхон иржээ. Баянзүрх дүүргээс илэрсэн 62 тохиолдлын 46 нь эхний шинжилгээгээр, 16 нь давтан шинжилгээгээр гарсан.
Таны ойр дотнын хэн нэгэн, магадгүй танихгүй хүн ч голомтот газрын хаа нэгтээ явсан уу гэдгийг байцаагаад суух боломжгүй шүү дээ. Тухайн хүний биеийн дархлаанаас шалтгаалж бүдэг байдлаар өвчилсөн явж байгааг бид байтугай тэр хүн өөрөө ч мэдэхгүй явж байгаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Улаанбаатар хотод том том голомтолсон халдвар бүртгэгдэж байна. Иргэдийн дунд шинж тэмдэггүй буюу хөнгөн балархай хэлбэрээр өвчилсөн хүн байх эрсдэл өндөр байна" гэдгийг онцгойлон анхааруулсан. Хөл хорио суларснаас хойш халдварын тоо нийслэл хотод огцом нэмэгдэж байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Тиймээс ч иргэд хөл хориог яаралтай тогтоохыг шаардаж эхэллээ. Хэсэгхэн тэсээд хөл хориогоо чангатгачихвал л халдварын голомтыг хумих бүрэн боломжтой гэж иргэд үзэж байна.
Халуун цэг дээр ажиллаж байгаа засаг, төр ч аюулын зэргийг нягталж үзээд 14 хоногийн хугацаатай Хатуу хөл хорио тогтоох саналыг УОК-оос Засгийн газарт өчигдөр хүргүүлсэн. Үүний дагуу шуурхай хуралдаж энэ сарын 23-наас эхлэн нийслэлийн хэмжээнд хөл хориог 14 хоногийн хугацаатай чангатгахаар болов. Газар авч, байдал хэрэг бишидвэл эмнэлгийн хүрэлцээ, эрүүл мэндийн салбарын хүний нөөц, эм, эмийн бүтээгдэхүүний хангамж хэр байгаа билээ. Заавал дайны үеийнх шиг туйлдаа хүрсэн тарчиг, зовлонг үзэж нийгмийн байдлыг хурцатгах хэрэг юу байна. Энэ бол нүдээ олсон шийдвэр байлаа. Цар тахал хяналтаас гарвал бид эдийн засгийн илүү их дарамт үүрэх болно. Өнөөдөр хоногийн хоолгүйдээ бачимдаж байгаа бол маргааш хорвоод үлдэх эсэхдээ шаналах тийм л эмгэнэлт хувь заяа хажууханд анаж буй гэдгийг мартаж болохгүй. Хөл хориогоо чангатгаж алаг цоог голомтлоод байгаа аюулт цар тахлыг дарж авах, үүнд нь иргэд бид хариуцлагатай байж, хамтарч дэмнэн ард нь гарах зайлшгүй шаардлага тулгарлаа. Тиймээс иргэд ирэх пүрэв гарагаас эхлэх хөл хорионы хугацаанд иргэн хүнийхээ үүргийг ухамсарлаж хайртай хүмүүсээ хамгаалъя.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )