Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн 11:00 цагийн мэдээлэлд Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө.
Коронавирусний тархалтаас сэргийлэх төр засгийн арга хэмжээний хүрээнд хилийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс хойш хязгаарласан. Тэгвэл үүнээс хойш гадаад улс орнуудаас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулж, нийт 27,729 иргэнээ авчирлаа.
111 удаагийн тусгай үүргийн нислэгээр дэлхийн 93 улсаас 21,092 иргэнээ татан авсан. ОХУ, БНХАУ-аас автозамаар 6637 иргэнээ авчирсан.
Энэ сард хийгдсэн дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэгээр 542 иргэн эх орондоо ирсэн. Ингэснээр үндсэндээ энэ онд хийгдэх тусгай үүргийн нислэг дуусч байна.
Монголдоо ирэх хүсэлтэй иргэдийн хүсэлтийг ЭСЯ-даараа дамжуулан авч байгаа. Сүүлийн байдлаар дэлхийн 30 орчим улсаас 2000 орчим иргэн эх орондоо яаралтай ирэх хүсэлтээ гаргаад байна. 1500 гаруй иргэн нь БНСУ-д байгаа иргэд гэлээ.