Т.Мөнхбаяр: Манай сум 200 тонн өвсний 100-г бэлтгэх боломжгүй болоод байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 12 сарын 27

Манай сурвалжлагч Хөвсгөл аймагт ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын ЗДТГ-ын дарга Т.Мөнхбаяраас   коронавируст цар тахлын үед ямар арга хэмжээ авч ажиллаж буй талаар,  сумын хэмжээнд өвөлжилтийн нөхцөл байдал хэр хангагдаж байгааг тодруулан асуужээ.


 

Монгол Улсад дотооддо коронавирусний халдвар алдагдсантай холбоотойгоор УОК, Аймгийн Онцгой комиссоос гарсан шийдвэрүүдийг дагаж, мөрдөн ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд сумын хэмжээнд 284 иргэнийг гэрийн ажиглалтад тусгаарлан, хяналт тавьж ажилласан. Сумын Онцгой комисс зургаан  удаа хуралдаж,  24 шийдвэр гаргасан байна. Сумын хэмжээнд өргөн хэрэглээний барааны нөөц, хүртээмжийг долоо, долоо хоногоор тооцон гаргаж ажиллаж байна. Сумын хэмжээнд дөрвөн ШТС үйл ажиллагаа явуулж байгаа. Шатахууны нөөц болон ШТС-аар үйлчлүүлж буй иргэдийн мэдээллийг авч, холбогдох дээд шатны байгууллагадаа мэдээлж,  хэрэглээний дараа дараагийн нөөцөө бүрдүүлэх чиглэлд ажиллаж байгаа.

УОК, Аймгийн Онцгой комиссын чиглэлийн дагуу халдвар гарсан тохиолдолд тусгаарлах байр бэлэн байх ёстой. Энэ чиглэлд сургуулийн дотуур байранд 12 өрөөнд, 28 ор бэлтгээд байна. Цаашид нөөцөд 30 ор бэлтгэхээр ажиллаж байна.

Халдвар гарсан тохиолдолд ажиллах албан хаагчдаа бэлтгэх, дадлагажуулах сургалтуудыг хийсэн. Ариутгал, халдваргүйтгэлжүүлэлтийн бодис, хэрэгслийн нөөцийг сумын хэмжээнд бүрдүүлсэн.

Өвөлжилтийн нөхцөл байдлын тухайд сум өөрөө 200 тонн өвс,  50 тонн тэжээл бэлтгэх төлөвлөгөөтэй. Аюулгүйн нөөцийг бүрдүүлэх ажлыг сум хийсэн. Сум болон сумын албан хаагчдын хамтын хичээл зүтгэлээр 100 орчим тонн өвсийг аюулгүй нөөцдөө бүрдүүлээд байгаа. Харин үлдсэн 100 тонн өвсийг бэлтгэх боломж хомс,  бүрүүлэх боломжгүй болсныг дээд шатны байгууллагууддаа мэдээлж байгаа.

Малчдын хувьд өвөлжилтийн бэлтгэл 90 гаруй хувьтай, сумын хувьд 85 гаруй хувьтай байна. Мал тооллого энэ сарын 19-ний өдрөөс эхэлсэн,  ид дундаа явж байгаа учраас тодорхой тоо хэлж болохгүй байна. Гэхдээ 800 гаруй мянган мал өвөлжих байх  гэсэн урьдчилсан тоо байна. Сум,   аймаг дамжсан  отор нүүдэл хийгдээгүй. Суман дотроо баг хоорондын отор нүүдэл хийгдсэн гэв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Би(66.181.177.100) 2020 оны 12 сарын 27

Энэ чинь одоо сумын Засаг дарга юмуу, цэргийн албан хаагч юмуу. Шал утгагүй юм!!!\n

0  |  0
Өө(202.21.107.47) 2020 оны 12 сарын 27

энэ одоо цэргийн хүн үү.Өөр өмсөх хувцас олдохоо байсан уу.

0  |  0
Top