Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр сүүлийн 24 цагийн хугацаанд холбогдох лабораториудад 8894 хүнд шинжилгээ хийхэд 16 хүнд коронавирус илэрсэн билээ.
Эдгээрийн 10 нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомттой хамаарч байгаа ба хоёр өвчтөн, найм нь гэр бүлийн хүмүүс байжээ. Харин зургаа нь Цэргийн төв эмнэлэгт эмчилгээ, үйлчилгээ явуулж байгаа эмч, сувилагч, ариутгагч нар байсан аж. Эдгээр хүмүүс ажиглалт тусгаарлалтын долоо дахь хоногт халдварт өртсөн байна.
Нийслэлийн БЗД-т гарсан томоохон дэгдэлт, голомттой холбоотойгоор нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 194 болж байна. Эдгээрийн 19 нь эрүүл мэндийн ажилтан байна. Их эмч 6, сувилагч 8, үйлчлэгч 3, эм зүйч 1, жолооч 1 байна. Гэр бүлийн гишүүдээс 59, өвчтөн 86, сахиур 24, хавьтлаас 6 гээд нийт 194 хүн халдвар авчээ.
"Баянзүрх дүүргийн эмнэлэгт бүртгэгдсэн голомтод нийт 1585 хавьтал байгаа. Маш ойрын хавьтал 682 хүний гурав дахь удаагийн давтан шинжилгээг өчигдөр хийсэн. Хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Шинээр илэрсэн 10 хүний хоёр нь гэсэн үг. Бусад хүмүүсийн давтан шинжилгээг үргэлжлүүлэн хийж байна. Сүүлийн тохиолдлууд бүртгэгдсэнтэй холбоотойгоор ойрын хавьтал 82 хүнийг олж, өчигдөр шинжилгээ авсан. Энэ 82 хүнээс найман тохиолдол батлагдсан. Хавдар судлалын үндэсний төвийн хоёр эмчийн ойрын хавьтал болох 130 хүнийг тусгаарлаж, хяналтад авсан. Нэг эмчийн гэр бүлээс халдвар илэрсэн. Бусад 130 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй байна. Хоёр дахь давтан шинжилгээг өнөөдрөөс авч байна" гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Харин Баянзүрх дүүрэгт урьдчилан сэргийлэх чиглэлээр 19 цэгт нийт 43769 иргэнээс шинжилгээ авахад бүгд сөрөг гарчээ. Тус дүүргийн иргэдээс коровавирусний шинжилгээ авах ажил 19 цэгт үргэлжилж байгаа. Шинжилгээ авах хугацаа арванхоёрдугаарс сарын 30-нд дуусна.
МОНГОЛ УЛС ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ
УЛААНБААТАР ХОТ ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ
БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ, ХОРООГООР