ХСҮТ-ийн сувилагч болон ар гэрийнхэн халдварт өртжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 29

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр арванхоёрдугаар сарын 28-нд буюу өчигдөр холбогдох лабораториудад 14035 шинжилгээ хийхэд 38 хүнээс коронавирусний халдвар илэрчээ. 

Эдгээрийн 36 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хавьтлууд байна. Задалж хэлбэл, Баянзүрх дүүргийн голомтын хавьтал болсон 682 хүний гурав дахь давтан шинжилгээнээс 15 хүнээс халдвар илэрсэн байна. Сүүлийн үед халдвартай нь бүртгэгдсэн гэр бүлийн хамааралтай 10 тохиолдлын ойрын хавьтал 127 хүний шинжилгээнээс 17 хүнд халдвар илэрчээ. 

Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтот халдварын тоо ийн 226 болжээ. Эрүүл мэндийн ажилтан 22, бусад гэр бүлийн хүмүүс болон өвчтөн, сахиур 204 хүн байна. Тодруулбал, гэр бүлээс хавьтал болсон 76, өвчтөн 91, сахиул 29, бусад хавьтал 8 байна. Эрүүл мэндийн ажилчдаас эмч 6, сувилагч 10, үйлчлэгч 4, эм зүйч 1, жолооч 1 халдварт өртжээ. Хавдар судлалын үндэсний төвийн хавьтал болсон 126 хүнд хоёр дахь удаагийн давтан шинжилгээ хийхэд 4 хүнээс коронавирус илэрчээ. Эдгээр нь батлагдсан хоёр тохиолдлын нэгийнх нь гэр бүлийн 3 хүн, тухайн тасагт хамт ажилладаг 1 сувилагч байжээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд нэмэгдсэн 38 тохиолдлын 1 нь Цэргийн төв эмнэлэгт илэрсэн байна. Франкуртаас ирсэн онгоцоор ирсэн 1 зорчигчоос мөн халдвар илэрсэн байна. 

Түүнчлэн ХӨСҮТ-өөс эдгээр халдварын шинэ тохиолдлууд дунд "Тэнүүн-Огоо" компанийн Чингэлтэй-Зунжин чиглэлд үйлчилж байсан жолооч, Чингэлтэй дүүргийн 2-р хэлтсийн алба хаагч, мөн Хавдар судлалын үндэсний төвийн хоёр эмчийн гэр бүл болон хамт ажилладаг сувилагчаас халдвар илэрснийг тодотгон мэдээллээ. 

"Хавдар судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасгаас өмнө нь хоёр эмч халдвар авсан. Тухайн хоёр эмчийн нэгнийх нь гэр бүлийн гурван хүнээс халдвар нэмж илэрсэн байна. Дөрөв дэх хүн нь тухайн тасгийн сувилагч байсан. ХСҮТ-ийн ойрын хавьтал болсон 134 хүнийг давтан шинжилгээнд оруулж байна. 14 хоногийн хугацаанд эдгээр хүмүүсээс 3-4 удаа шинжилгээ авна. 

Өнөөдөр Улаанбаатар хотын тухайд дөрвөн эмнэлэгт халдвар бүртгэгдээд байна. Өрхийн эмнэлэгт халдвар гарсан гэх мэдээлэл гарч байгаа. Энэ бол ташаа мэдээлэл. Өрхийн эмнэлгээр халдварын хоёр дахь хавьтал үйлчлүүлсэн тохиолдол бол гарсан. Үүнийг халдвар гарсан гэж үзэж болохгүй" гэж ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

 

Top