Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, шинжилгээ, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ (2020.12.30, 11:00 цагийн байдлаар)
Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 29-нд холбогдох лабораториудад 12828 хүнд шинжилгээ хийхэд 20 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Эдгээр нь бүгд Улаанбаатарт хотод бүртгэгдсэн ба 18 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтот халдвартай хамаарч байна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаа 8 өвчтөн, 2 сахиур, 3 хавьтал, 5 эрүүл мэндийн ажилтнаас халдвар нэмж илэрчээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомттой хамааралтай халдварын гинжин хэлхээ гэр бүл, ойрын болон дам хавьтлын хүрээндтарсаар нийт халдвар авсан хүний тоо 244 боллоо. Үүнийг задалбал, эрүүл мэндийн ажилтан 27, гэр бүлийн хүмүүс 77, өвчтөн 98, бусад хүмүүс 9, хамт ажиллагсад 1 гэсэн үзүүлэлттэй байна. Өчигдрийн хувьд гэхэд хавьтлын тоо 50-иар нэмэгдэж, нийт хавьтал 1494 болсон. Эмнэлэг, ажиглах байранд тусгаарласан хүмүүсийн 3-4 дэх давтан шинжилгээг хийгээд байна" гэлээ.
"Тэнүүн-Огоо" компанийн автобусны нэг жолоочоос халдвар илэрсэн талаар мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр тухайн авто баазын хоёр ажилтнаас нэмж халдвар илэрчээ. Халдвар авсан жолооч бусад арваад хүмүүсийн хамт салхинд гарсан нь халдвар тархах үндэс болсон байна. Бусад хавьтал болох 90-ээд хүнээс шинжилгээ авахад коронавирус одоогоор илрээгүй байна.
Энэ талаар өчигдөр ХӨСҮТ-өөс "Халдвар авсан жолооч ажилдаа хамгийн сүүлд арванхоёрдугаар сарын 24-нд ажилдаа очсон. Түүний гэр бүлийн хүн нь коронавирусний халдвар авсан байсан. Хамаатан нь буюу хамт амьдардаггүй хүмүүс. Гэхдээ тухайн үед уулзсан учир халдвар авсан байна. Гэр бүлийнх нь хэд хэдэн хүмүүс халдвар авсан. Халдвар авсан жолооч Чингэлтэй-Зунжин чиглэлд үйлчилдэг байсан. Тиймээс арванхоёрдугаар сарын 20-24-нд тухайн чиглэлийн автобусаар үйлчлүүлсэн хүмүүс шинжилгээ өгөх хэрэгтэй" гэж мэдээлсэн билээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 79 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол ийн өнөөдрийн байдлаар 1195 болсон бол үүнээс 824 хүн нь эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 361 хүний биеийн байдлын хувьд маш хүнд 2, хүнд 6, хүндэвтэр 96, хөнгөн 257 өвчтөн байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй. Мөн Улаанбаатар хотын өмнөх батлагдсан тохиолдлуудаас батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.