Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 34 тусгаарлах байранд 1753 иргэн байна. Нийслэлийн хэмжээнд 27 тусгаарлан ажиглах байр ажиллаж байна. Үүнд 1655 иргэн байна. Орон нутагт долоон тусгаарлах байранд 89 иргэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 70 иргэнийг нэмж тусгаарлалаа. 123 иргэн гэрийн ажиглалтад шилжсэн. Нийт 240 төрийн албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
ХӨСҮТ-д төрсөн нярайг Эх, хүүхдийн үндэсний төв рүү шилжүүлсэн. Цэргийн төв эмнэлэгт байсан нэг иргэнийг Улсын нэгдүгээр төв эмнэлэг рүү шилжүүллээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 3502 хүн гэрийн ажиглалтад байна. Сүүлийн байдлаар нийслэлд 81, орон нутагт 89, улсын хэмжээнд нийт 170 иргэн гэрийн ажиглалтад нэмж шилжлээ. ХӨСҮТ-д эмчлүүлж байгаад эдгэсэн иргэдийг дахин өөр эмнэлэгт шилжүүлэн, ажиглалтад байлгаж байгаа. Тусгаарлалтаас гарсан иргэдийг орон нутгийнхан өөрсдийн зардлаар ирж аван, шууд гэрийн ажиглалтад шилжүүлж байна.
Тээврийн цагдаагийн албаны 358 цэгт 900 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Бага насны хүүхдээ гэрт нь үлдээгээд тусгаарлалтад орсон хүмүүст маань хүндрэл гарч байгаа. Тухайлбал, өчигдөр "Зүчи" зочид буудалд гэр бүлээрээ тусгаарлагдсан хүмүүс гэртээ тав болон 16 настай хүүхдээ үлдээн, тусгаарлагдсан нь хүндрэлтэй байгаа талаар асуудал тавьсан. Үүн дагуу Гэр бүл, хүүхэд, залуучуудын байгууллагынхан Цагаан даваан дахь гэрт нь очиж, анхаарал тавьсан. Өнөөдөр мөн шаардлагатай дэмжлэгийг үзүүлнэ. Шат дараатай арга хэмжээг аваад явах болно.
Иргэн О-гийн буяны ажилд 40 гаруй иргэн оролцсоноос болоод тусгаарлагдсан. Үүнээс зургаан хүн халдвар авсан нь нотлогдсон. Тиймээс иргэд буяны ажилд аль болох цөөн хүн оролцуулахыг бодолцоорой.
Нэг иргэн өөрийнхөө төрсөн өдөрт 20 гаруй хүн урьж оролцуулснаас болж халдвар тарж, нэг хүн халдвар авсан нь тогтоогдоод байна. Ийм баяр ёслолоос татгалзах хэрэгтэй.
Онлайн худалдаанд анхааралтай хандаарай. Нэг сэжигтэй хавьтал болсон иргэн онлайн худалдаа зохион байгуулсан байгаа. Нэг халдвартай хүн гурван найзыгаа дуудаж, уулзсан тохиолдол гарсан.
Нэг зүйлийг хатуу анхааруулъя. Олон нийтийн сүлжээнд марзан хошин зүйл яриад байдаг олны танил хэсэг хүмүүс Улсын онцгой комиссын нэр барьж найз нөхөдтэйгөө утсаар ярьж, мэргэжлийн үг хэллэгийг буруугаар ашиглаж, буруу хэрэглэж, марзаганаж байгаа бичлэг тавигдсан. Өвчин бол тоглоом биш. Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн ийм хүнд үед олон хүний хүч хөдөлмөрийг үгүйсгэж, ийм тоглоом шоглоом хийсэн бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавьсан тэр зургаан нөхрийг шалгуулна. Хуулийн хатуу хариуцлагатай шүү. Тэд амны хаалтгүй, тойроод суучихсан, их сонин үйлдэл гаргаж байна лээ. Дэг журамтай байна"