SOS: Хавьтал болсон иргэн ОНЛАЙН ХУДАЛДАА зохион байгуулжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 30

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийх үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр хүргэлтийн үйлчилгээ, онлайн худалдаа эрсдэлтэй байгааг санууллаа. 

Тэрбээр "Онлайн худалдаанд анхааралтай хандаарай. Нэг сэжигтэй хавьтал болсон иргэн гар утасны онлайн худалдаа зохион байгуулсан байгаа. Нэг халдвартай хүн гурван найзыгаа дуудаж, уулзсан тохиолдол мөн гарсан. Түүнчлэн иргэн О-гийн буяны ажилд 40 гаруй иргэн оролцсоноос болоод тусгаарлагдсан. Үүнээс зургаан хүн халдвар авсан нь нотлогдсон. Тиймээс иргэд буяны ажилд аль болох цөөн хүн оролцуулахыг бодолцоорой. Нэг иргэн өөрийнхөө төрсөн өдөрт 20 гаруй хүн урьж оролцуулснаас болж халдвар тарж, нэг хүн халдвар авсан нь тогтоогдоод байна. Ийм баяр ёслолоос татгалзах хэрэгтэй" гэж мэдээлэв. 

Түүнчлэн "Нэг зүйлийг хатуу анхааруулъя. Олон нийтийн сүлжээнд марзан хошин зүйл яриад байдаг олны танил хэсэг хүмүүс Улсын онцгой комиссын нэр барьж найз нөхөдтэйгөө утсаар ярьж, мэргэжлийн үг хэллэгийг буруугаар ашиглаж, буруу хэрэглэж, марзаганаж байгаа бичлэг тавигдсан. Өвчин бол тоглоом биш. Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн ийм хүнд үед олон хүний хүч хөдөлмөрийг үгүйсгэж, ийм тоглоом шоглоом хийсэн бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавьсан тэр зургаан нөхрийг шалгуулна. Хуулийн хатуу хариуцлагатай шүү. Олон хүний хөдөлмөр, өвчин зовлон туулж яваа хүмүүсээр даажигнах эрх хэнд ч байхгүй. Тэд амны хаалтгүй, тойроод суучихсан, их сонин үйлдэл гаргаж байна лээ. Дэг журамтай байна шүү" гэдгийг хатуу анхааруулав.  


Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 34 тусгаарлах байранд 1753 иргэн байна. Нийслэлийн хэмжээнд 27 тусгаарлан ажиглах байр ажиллаж байна. Үүнд 1655 иргэн байна. Орон нутагт долоон тусгаарлах байранд 89 иргэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 70 иргэнийг нэмж тусгаарласан бол 123 иргэн гэрийн ажиглалтад шилжжээ. 

Улсын хэмжээнд 3502 хүн гэрийн ажиглалтад байна. 

"Бага насны хүүхдээ гэрт нь үлдээгээд тусгаарлалтад орсон хүмүүст маань хүндрэл гарч байгаа. Тухайлбал, өчигдөр "Зүчи" зочид буудалд гэр бүлээрээ тусгаарлагдсан хүмүүс гэртээ тав болон 16 настай хүүхдээ үлдээн, тусгаарлагдсан нь хүндрэлтэй байгаа талаар асуудал тавьсан. Үүн дагуу Гэр бүл, хүүхэд, залуучуудын байгууллагынхан Цагаан даваан дахь гэрт нь очиж, анхаарал тавьсан. Өнөөдөр мөн шаардлагатай дэмжлэгийг үзүүлнэ. Шат дараатай арга хэмжээг аваад явах болно" гэсэн мэдээллийг тэрбээр мөн өгсөн юм. 

Top