Засгийн газрын нөөц хөрөнгөөс халдварын эсрэг хариу арга хэмжээнд 1.7 тэрбум төгрөг зарцуулах шийдвэр гаргажээ.
Тодруулбал, халдварын голомтод ажиллаж байгаад халдвар авсан эмч, эмнэлгийн ажилтнуудад дэмжлэг болгож Засгийн газрын нөөцөөс хүн тус бүрт 4-5 сая төгрөг олгож байгаа бөгөөд энэ шийдвэрийг үргэлжлүүлэхээр болсон гэсэн үг юм. Мөн тусгаарлах байранд байгаа алба хаагчдын зардлыг Засгийн газраас гаргах ажээ.
Шадар сайд Я.Содбаатар халдварын эсрэг хариу арга хэмжээнд зориулах санхүүжилтийн талаар "Дотоодод халдвар гарсантай холбоотойгоор тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан иргэдийн байр хоол, мэргэжлийн алба хаагчдын байр хоолны зардал, олон нийтийн цагдаа нарт олгох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх нэг удаагийн мөнгөн урамшуулал, хамгаалах хувцас хэрэглэлийн зардал, ШӨХТГ-ын ажилтнуудын илүү цагийн хөлс гэх мэт тодорхой байгууллагуудаас ирүүлсэн асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас шийдвэрлэсэн. Халдвар дотоодод бүртгэгдсэнээс хойш Монгол Улсын Засгийн газраас дөрвөн удаа тогтоол гаргаж, эдгээр дөрвөн тогтоолоор 20.2 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөцөөс гаргаж, халдварын голомтод ажиллаж буй алба хаагчдад олгон мөнгөн урамшуулал олгох, ариутгал хийх зэрэг халдварын эсрэг хариу арга хэмжээнд зарцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаас 1.7 тэрбум төгрөгийг дээрх зориулалтаар нэмж зарцуулахаар баталсан" гэсэн юм.