Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын тархалт, шинжилгээ, нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өгч байна. (2020.12.31, 11:00 цаг)
Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 30-ны өдөр холбогдох лабораториудад 13597 хүнд шинжилгээ хийхэд 20 хүнд коронавирус илэрчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн голомтоос улбаатай үргэлжилсэн халдварын голомтод 16, Франкфуртын онгоцоор ирсэн хоёр хүний гурав дахь давтан шинжилгээнээс 2, Хавдар судлалын үндэсний төвийн нэг эмч болон нягтлан бодогчоос тус тус халдвар илэрсэн байна.
Баянзүрх дүүргийн эмнэлгийн халдвараас улбаатай хоёр голомт болох "Тэнүүн-Огоо" автобус бааз болон Хавдар судлалын үндэсний төвд халдварын тоо нэмэгджээ. Тухайлбал, "Тэнүүн-Огоо" компанийн түлш түгээгч, Хавдын эмнэлгийн эмч, санхүүгийн ажилтан нарын шинжилгээ эерэг гарчээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Баянзүрх дүүрэгт илэрсэн 16 тохиолдлын хоёр нь өвчтөн, нэг нь сахиур, бусад нь гэр бүлийн хавьтлууд байна. Энэ голомтод "Тэнүүн-Огоо" автобус баазад ажилтай нэг хүн нэмэгдсэн. Тухайн хүн автобус баазад түлш түгээгчийн ажил хийдэг. 24 цаг ажиллаад, 72 цаг амардаг хүн юм байна. Арванхоёрдугаар сарын 21-нд хамгийн сүүлд ажилдаа ирсэн. Ингээд "Тэнүүн-Огоо" компанитай холбоотой халдвар нийт дөрөв болж байна. Баянчандманьд өчигдөр батлагдсан тохиолдол бүртгэгдсэн тухай сошиалд мэдээлэл гарсан. Энэ хүнээс шинжилгээ авсан, коронавирус илрээгүй, онош үгүйсгэгдсэн. Ойрын хавьтлуудаас мөн халдвар илрээгүй.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод үүссэн кластер өвлөлийн голомт 410 тохиолдол болж байна. Сэлэнгэ, Дорноговь, Дархан-Уул, Архангай, Орхон аймагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Гэхдээ хяналт сулраагүй.
Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 736 тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагийн дотор зургаан хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 1215 болсон байна. Үүнээс 830 хүн буюу 68,3 хувь нь эдгэрсэн. Улсын хэмжээнд халдвар авсан 375 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлын хувьд маш хүнд хүн 2, хүнд 7, хүндэвтэр 99, хөнгөн 267 хүн байна.
Баянзүрх дүүргийн эмнэлэгт үүссэн голомтоос халдвар авсан тохиолдлын тоо 256 болсон байна. Эрүүл мэндийн ажилтан 27, гэр бүлийн гишүүн 81, өвчтөн 103, сахиур 31, бусад хавьтал 14 байна. Эдгээр хүмүүсийн хавьтал болох 1250 хүнд шинжилгээ, судалгаа хийж байна" гэлээ.
ШУУД ҮЗЭХ