Монгол Улс "КОВИД-19"-ийн 1215 тохиолдлын 830-ыг нь ЭМЧИЛЖЭЭ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 31

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын тархалт, шинжилгээ, нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өглөө. (2020.12.31, 11:00 цаг)

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 30-ны өдөр холбогдох лабораториудад 13597 хүнд шинжилгээ хийхэд 20 хүнд коронавирус илэрчээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн голомтоос улбаатай үргэлжилсэн халдварын голомтод 16, Франкфуртын онгоцоор ирсэн хоёр хүний гурав дахь давтан шинжилгээнээс 2, Хавдар судлалын үндэсний төвийн нэг эмч болон нягтлан бодогчоос тус тус халдвар илэрсэн байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Баянзүрх дүүрэгт илэрсэн 16 тохиолдлын хоёр нь өвчтөн, нэг нь сахиур, бусад нь гэр бүлийн хавьтлууд байна. Энэ голомтод "Тэнүүн-Огоо" автобус баазад ажилтай нэг хүн нэмэгдсэн. Тухайн хүн автобус баазад түлш түгээгчийн ажил хийдэг. 24 цаг ажиллаад, 72 цаг амардаг хүн юм байна. Арванхоёрдугаар сарын 21-нд хамгийн сүүлд ажилдаа ирсэн. Ингээд "Тэнүүн-Огоо" компанитай холбоотой халдвар нийт дөрөв болж байна. Баянчандманьд өчигдөр батлагдсан тохиолдол бүртгэгдсэн тухай сошиалд мэдээлэл гарсан. Энэ хүнээс шинжилгээ авсан, коронавирус илрээгүй, онош үгүйсгэгдсэн. Ойрын хавьтлуудаас мөн халдвар илрээгүй" гэж мэдээлсэн. 

Сэлэнгэ, Дорноговь, Дархан-Уул, Архангай, Орхон аймагт халдвар нэмж бүртгэгдээгүй бөгөөд Улсын онцгой комисс орон нутгийг халдваргүй бүс болсныг зарлаад байгаа билээ.  

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод үүссэн кластер өвлөлийн голомт 410 тохиолдол болж байна.

Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод нийт 736 тохиолдол бүртгэгдээд байгаа ба сүүлийн 24 цагийн дотор зургаан хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. 

Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол нийт 1215 боллоо. Үүнээс 830 хүн буюу 68,3 хувь нь эдгэрчээ. 

Өдгөө Улаанбаатар хот болон орон нутагт халдвар авсан нийт 375 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлын хувьд маш хүнд хүн 2, хүнд 7, хүндэвтэр 99, хөнгөн 267 хүн байгаа ажээ.

Баянзүрх дүүргийн эмнэлэгт үүссэн голомтоос халдвар авсан тохиолдлын тоо 256 болсон ба эдгээр нь эрүүл мэндийн ажилтан 27, гэр бүлийн гишүүн 81, өвчтөн 103, сахиур 31, бусад хавьтал 14 байна. Халдвар авсан 256 хүний хавьтал болох 1250 хүнийг тусгаарлан, шинжилгээ, судалгаа хийх ажил үргэлжилж байна. 
 

ШУУД ҮЗЭХ
 

Top