"Мөнххада" компанийн хоёр ажилтан ХАЛДВАР авчээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 01

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр сүүлийн 24 цагийн хугацаанд холбогдох лабораториудад хийсэн 17764 шинжилгээнд таван хүнээс коронавирус илэрчээ. 

Үүний хоёр нь Баянзүрх дүүргийн эмнэлгийн хавьтал буюу тусгаарлалтад байсан хүмүүс, нэг нь ХӨСҮТ-ийн сувилагч байсан бол хоёр нь эх сурвалж тодорхойгүй буюу өнгөрсөн шөнө шинээр илэрсэн хүмүүс байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Эх уурхай тодорхойгүй буюу шинээр илэрсэн хоёр тохиолдлын тандалт судалгааг үргэлжлүүлж байна. Эдгээр хүмүүс "Мөнххада" гэж Тоёота машин борлуулдаг компанийн ажилтнууд байсан. Тус компанид нийт 116 ажилтан байдаг. Ойрын хавьтал 24 хүнийг тусгаарласан. Хоёрдогч хавьтал 92 хүн байна гэж үзсэн.

Халдвар голомтлон гарч байсан аймгуудад сүүлийн 24 цагт халдвар бүртгэгдээгүй. Улаанбаатар хотод шинээр гарч байгаа кластер голомт дахь халдварын тоо 414 болсон байна. Улсын хэмжээнд дотоодын халдвар 740 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд долоон хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Монгол Улсын хэмжээнд коронавируний халдварын нийт батлагдсан тохиолдол 1220 болж байгаа ба эдгээрийн 837 нь эдгэрсэн. 

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгийн нэгдсэн эмнэлэгт 373 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Эдгээрээс биеийн байдал маш хүнд 2, хүнд 6, хүндэвтэр 103, хөнгөн 261 хүн эмчлэгдэж байна. Үүнээс ХӨСҮТ-д хөнгөн 76, хүндэвтэр 19, хүнд 1 хүн байна. Цэргийн төв эмнэлэгт 216 хүн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 124, хүндэвтэр 85, хүнд 5, маш хүнд 2 хүн байна. Сэлэнгэ аймагт эмчлүүлж байгаа 21 хүний биеийн байдал хөнгөн байна. Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт хөнгөн 40 хүн хяналтад байна.

БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой хавьтлуудыг тусгаарласан. 2020 оны арванхоёрдугаар сарын 16, 17-ноос тусгаарласан хавьтлууд 14 хоног хяналт тандалтад байж, 4 удаагийн шинжилгээ сөрөг гарсан учир 332 хүнийг өчигдөр, өнөөдрөөс гэрийн ажиглалтад шилжүүлж байна. Энэ голомттой холбоотой 918 хүн ажиглалт тандалтад хянагдаж байна. Нийт хоёр голомттой холбоотойгоор 1870 хавьтал хяналтад байгаа" гэлээ.
 

Top