БЗД-ийн эмнэлгийн хавьтал 332 хүнийг ГЭРИЙН АЖИГЛАЛТАД шилжүүлжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 01

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр сүүлийн 24 цагийн хугацаанд холбогдох лабораториудад хийсэн 17764 шинжилгээнд таван хүнээс коронавирус илэрчээ. Үүний хоёр нь Баянзүрх дүүргийн эмнэлгийн хавьтал буюу тусгаарлалтад байсан хүмүүс, нэг нь ХӨСҮТ-ийн сувилагч байсан бол хоёр нь эх сурвалж тодорхойгүй буюу өнгөрсөн шөнө шинээр илэрсэн хүмүүс байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Эх уурхай тодорхойгүй буюу шинээр илэрсэн хоёр тохиолдлын тандалт судалгааг үргэлжлүүлж байна. Эдгээр хүмүүс "Мөнххада" гэж машин борлуулдаг компанийн ажилтнууд байсан. Тус компанид нийт 116 ажилтан байдаг. Ойрын хавьтал 24 хүнийг тусгаарласан. Хоёрдогч хавьтал 92 хүн байна гэж үзсэн" гэдгийг мэдээллээ. 

Халдвар голомтлон гарч байсан аймгуудад сүүлийн 24 цагт халдвар бүртгэгдээгүй.

Улаанбаатар хотод шинээр гарч байгаа кластер голомт дахь халдварын тоо өнөөдрийн байдлаар 414 болж, улсын хэмжээнд дотоодын халдвар 740 боллоо.

Монгол Улсын хэмжээнд коронавируний халдварын нийт батлагдсан тохиолдол 1220 хүрсэн ба эдгээрийн 837 нь эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд долоон хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. 

БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой хавьтлуудыг бүгдийг нь тусгаарласан гэж үзэж байгаа ба 2020 оны арванхоёрдугаар сарын 16, 17-ноос тусгаарласан хавьтлууд 14 хоног хяналт тандалтад байж, өнгөрсөн хугацаанд дөрвөн удаагийн шинжилгээ сөрөг гарсан учир 332 хүнийг өчигдөр, өнөөдрөөс гэрийн ажиглалтад шилжүүлж байгаа аж. 

Одоо энэ голомттой холбоотой 918 хүн ажиглалт тандалтад хянагдаж байна. Нийт хоёр голомттой холбоотойгоор 1870 хавьтал хяналтад байгаа аж. 

Top