Эрүүл мэндийн яамны мэдээлснээр сүүлийн 24 цагийн хугацаанд холбогдох лабораториудад хийсэн 17764 шинжилгээнд таван хүнээс коронавирус илэрсэн билээ.
Үүний хоёр нь Баянзүрх дүүргийн эмнэлгийн хавьтал буюу тусгаарлалтад байсан хүмүүс, нэг нь ХӨСҮТ-ийн сувилагч байсан бол хоёр нь эх сурвалж тодорхойгүй буюу өнгөрсөн шөнө шинээр илэрсэн хүмүүс байгаа юм. Халдвар авсан эх уурхай нь тодорхойгүй гэгдэж буй хоёр өвчтөн Тоёото машин борлуулалтын "Мөнххада" компанийн ажилчид бөгөөд 116 ажилтантай тус компанийн 24 хүнийг ойрын эх сурвалж хэмээн үзэж, тусгаарлаад байна. Хоёрдогч хавьтал гэж үзсэн 92 хүнд ажиглалт, тандалт, шинжилгээ хийх явцыг үргэлжлүүлж байна.
Дөнгөж сая "Ачлахуй" өрхийн эрүүл мэндийн төвөөс арванхоёрдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд "Тэнгэр плаза" төвөөр үйлчлүүлсэн хүмүүсийг яаралтай шинжилгээнд хамрагдахыг анхаарууллаа.
Коронавирусийн PCR шинжилгээний 19 цэг татан буугдсан хэдий ч Баянзүрх дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 14, 48, 133 дугаар сургуулиудад байрлалтай 3 байнгын цэг ажиллаж, иргэдээс үнэ төлбөргүй шинжилгээ авч байна.
Хэрвээ та өөрийгөө эрсдэлтэй, мөн өнгөрсөн хугацаанд ямар нэгэн шинжилгээнд хамрагдаагүй бол шинжилгээндээ идэвхтэй хамрагдаарай.
Сануулахад, халдвар голомтлон гарч байсан аймгуудад сүүлийн 24 цагт халдвар бүртгэгдээгүй. Улаанбаатар хотод шинээр гарч байгаа кластер голомт дахь халдварын тоо 414 болсон байна. Улсын хэмжээнд дотоодын халдвар 740 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд долоон хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Монгол Улсын хэмжээнд коронавируний халдварын нийт батлагдсан тохиолдол 1220 бүртгэгдэж, эдгээрийн 837 нь эдгэрчээ.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгийн нэгдсэн эмнэлэгт 373 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Эдгээрээс биеийн байдал маш хүнд 2, хүнд 6, хүндэвтэр 103, хөнгөн 261 хүн эмчлэгдэж байна. Үүнээс ХӨСҮТ-д хөнгөн 76, хүндэвтэр 19, хүнд 1 хүн байна. Цэргийн төв эмнэлэгт 216 хүн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 124, хүндэвтэр 85, хүнд 5, маш хүнд 2 хүн байна. Сэлэнгэ аймагт эмчлүүлж байгаа 21 хүний биеийн байдал хөнгөн байна. Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт хөнгөн 40 хүн хяналтад байна.
БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой хавьтлуудыг бүгдийг тусгаарласан ба 2020 оны арванхоёрдугаар сарын 16, 17-ноос тусгаарласан хавьтлууд 14 хоног хяналт тандалтад байж, 4 удаагийн шинжилгээ сөрөг гарсан учир 332 хүнийг өчигдөр, өнөөдрөөс гэрийн ажиглалтад шилжүүлж эхэлжээ.
Энэ голомттой холбоотойгоор өнөөдрийн байдлаар 918 хүн ажиглалтад хянагдаж байна.