Сэлэнгэ аймаг ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН зэрэгт шилжлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 01

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын мэдээллийг хүргэж байна.

Аймгийн нэгдсэн вируслогийн лабораторид нийт 204 хүнд PCR-ийн шинжилгээ хийхэд хариу бүгд сөрөг гарлаа.

Коронавирусний халдварын дархлаа тогтоц буюу эсрэг бие тодорхойлох шинжилгээнд эрсдэл өндөр байгууллагуудын 1905 ажилтан албан хаагчдыг хамруулаад байна.

Нэгдсэн эмнэлгийн “Ковид”-ын тасагт эмчлэгдэж байгаа 21 өвчтөний биеийн байдал хөнгөн байна. Аймгийн хэмжээнд 2 ажиглалтын, 1 тусгаарлах байранд 48 иргэд хяналт ажиглалтад байна.

Батлагдсан 217 тохиолдлын ойрын болон дам хавьтлыг судлах, эцэслэн тогтоох чиглэлээр тандалтын баг, цагдаа, тагнуулын байгууллага хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 1486, дам хавьтлын 974 иргэнийг тусгаарлалт, ажиглалтын хяналтад авч, тусгаарлалт ажиглалтын хугацаа дууссан ойрын хавьтлын 1403 иргэнийг хяналтаас гаргалаа. Одоогийн байдлаар ойрын хавьтлын 83 иргэн тусгаарлалт, ажиглалтад хянагдаж байна.

Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Алтанбулаг, Сүхбаатар сумд өнөөдрөөс буюу 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн 06 цагаас эхлэн “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” шилжлээ.

Аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хязгаарлалт тогтоохгүй 32 салбар чиглэлийн төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зөвшөөрлөө.

Дарс, шар айргийг 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 10:00-18:00 цагийн хооронд худалдан борлуулахыг зөвшөөрлөө.

Сүхбаатар сумын хэмжээнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сондгой дугаарын зохицуулалтаар зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг аймгийн Цагдаагийн газар, Сүхбаатар суманд даалгалаа.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар сумд төмөр зам болон авто замын боомтуудаараа Монгол түмнийхээ нэн хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг татан авах ажиллагааг тасалдуулахгүй явуулсаар байна. Тиймээс Сэлэнгэчүүд, тэр дундаа Сүхбаатарчууд бид бүхэн өндөр эрсдэл дунд хэвээр байгаа гэдгээ маш сайн ойлгох хэрэгтэй. Аймгийн Онцгой комиссоос иргэдийнхээ хөдөлгөөнийг сийрэгжүүлэх зорилгоор замын хөдөлгөөнд оролцогч иргэдийнхээ авто машины дугаарт тэгш, сондгойгоор ээлжлэн замын хөдөлгөөнд оролцох шийдвэрийг гаргасан гэдгийг манай иргэд зөвөөр ойлгож, аль болох олон нийтийн газраар явахгүй байж, халдвар хамгааллын дэглэм журмаа улам бүр өндөржүүлэхийг анхааруулж байна.

Сүхбаатар сумын Засаг даргын захирамжаар тээврийн хэрэгслийн улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол 1,3,5 дахь өдөр, тэгш тоогоор төгссөн бол 2,4,6 дахь өдөр замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтын шийдвэрийг гаргасан байна.

“Сүхбаатар” төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр орох-гарах чиглэлд ачаа тээврийн 12 галт тэрэгний 580 вагон, 24 хөлөг ажилтныг шалган нэвтрүүллээ.

Арванхоёрдугаар сарын 31-ний өдөр аймгийн хэмжээнд 6 цэг байршилд 2258 м2 талбайд голомтын халдваргүйжүүлэлтийг хийж гүйцэтгэлээ. Ариутгалын ажил тогтмол явагдана.

Аюулт вирусыг бүрэн арилгахад иргэн таны оролцоо, иргэний үүрэг хариуцлага хамгаас чухал учир Улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг мөрдөж, сайхан цагийг хамтдаа бүтээхийг нийт иргэддээ уриалж байна.

Эх сурвалж: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС

Top