ХӨСҮТ: Мутацид орсон вирус Монголд орж ирээгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 02

ЭМЯ-наас өнөөдрийн ээлжит мэдээллээ өглөө.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 11152 хүнд PCR шинжилгээ хийхэд 22 хүнд коронавирус илэрчээ. Эдгээрийн долоо нь Франкфурт - Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн хүмүүс аж. Тэдний гурав дахь давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн байна.

Эдгээр долоон хүний нэг нь Жаргалантад тусгаарлагдаж байсан бол тав нь "Амар" зочид буудалд тусгаарлалтад байсан хүмүүс бөгөөд тэдний хамт "Амар" зочид буудалд ажиллаж байсан эмнэлгийн ажилтан буюу резидент эмч халдвар авчээ. Дотоодод нийт 15 тохиолдол бүртгэгдсэн байна.

Улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн болон дотоодод гарсан нийт батлагдсан тохиолдол 1242 боллоо. Эдгээрийн 855 хүн буюу 68,8 хувь нь эдгэрч, эмнэлгээс гарчээ.



УОК-ЫН ДЭРГЭДЭХ “ШУУРХАЙ ШТАБ”-ЫН ДАРГА Б.УУГАНБАЯР дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр “Одоогийн байдлаар нийт 33 тусгаарлах байранд 1712 хүн ажиглалтад байна. Нийслэлийн хэмжээнд 1651 иргэн, орон нутагт 58 иргэн тусгаарлах байранд тусгаарлагдаж байна. Сүүлийн 24 цагийн дотор 146 иргэнийг нэмж тусгаарласан.

Өчигдөр орой “Амар” зочид буудалд тусгаарлагдаж байсан 95 иргэн, эмч ажилтан нийлсэн 111 хүнийг нүүлгэн шилжүүлсэн. Оройн 18:00 цагаас хойш найман цагийн турш нүүлгэн шилжүүлэлт хийгдсэн” гэлээ.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

-Халдварын голомтод ажиллаж байгаа эмч, ажилчдад 5 сая төгрөгийн урамшуулал олгосон гэж Эрүүл мэндийн сайд хэлсэн. Энэ нь нэг удаагийн урамшуулал уу?

-Нэг удаа 5 сая төгрөгийн урамшуулал олгосон гэж ойлгож байгаа.

-ДЭМБ-аас баталгаажуулсан вакциныг тариулсан иргэнээс долоо хоногийн дараа халдвар илэрсэн. Тэгэхээр вакцин эргэлзээ төрүүлж байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-ДЭМБ-аас яаралтай горимоор вакцин баталгаажуулах арга хэмжээ авсан. Цаашид хэд хэдэн вакцин баталгаажуулна. Манай орны хүйтэн хэлхээний одоо байгаа төхөөрөмж -20 хэм байдаг тул үүнд тохирсон вакцин авна.

-Дэлхийн улс орнуудад мутацид орсон вирус тархаад байна. Монгол Улсад энэ төрлийн вирус орж ирсэн үү?

-Хараахан шинжлээгүй байна. Клиникийн хувьд гүйлгэх, бөөлжих, суулгах шинж тэмдэг нь илүү байна гэх мэдээлэл байгаа. Мөн 20-иос доош насны залуусыг өвчлүүлж байна. Халдвар тархах явц өндөр байна гэх мэдээлэл байгаа.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

-Мутацид орсон вирус Монголд орж ирээгүй. Вирусний идэвхжил өндөр байна. Халдварт өртсөн хүнд 48-72 цагийн дараа эмнэлзүй шинж тэмдэг илэрч байгаа. Халдвар аваад 14 хоног вирус тараах эрсдэлтэй байдаг тул хүн амын дунд халдвар авснаа мэдэхгүй явах тохиолдол байж болзошгүй. Сүүлийн хоёр тохиолдол бол эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн үедээ ирсэн. Халдвар тараах эрсдэлтэй хүмүүс явж байна шүү гэдгийг бид анхааруулж байгаа. 

-Өчигдөр сошиал, хэвлэл мэдээллээр “Тэнгэр" худалдааны төвөөр үйлчлүүлсэн иргэд шинжилгээ өгөөрэй гэж мэдээлсэн. Тус төвд халдвар гарсан уу?

-Яг “Тэнгэр" худалдааны төвд ажилладаг хүнээс вирус илрээгүй. Хоёр дахь хавьтал тодруулах явцад тус төвөөр үйлчлүүлсэн иргэн байсан учраас анхааруулах үүднээс иргэдийг шинжилгээнд хамрагдахыг уриалсан. 

-Вирус тархах эрсдэл өндөр байна. Тэгэхээр нэгдүгээр сарын 6-наас хойш хөл хориог сунгах у?

-Дотоодод вирус бүртгэгдсэн өдрөөс хойш вирусний тархалт гурван сар шахам үргэлжилнэ гэсэн судалгаа бий. Дотоодод халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдсэн өдөр буюу арваннэгдүгээр сарын 11-нээс хойш одоо найм дахь долоо хоногтоо орж байгаа тул нэлээд өндөр эрсдэлтэй үе эхэлж байгаа гэдгийг анхаараарай.

-Халдвар гарсан байршлуудыг хэлээд өгөх боломж байна уу?

-Байршлуудыг бол хороогоор нь, аж ахуй нэгжид халдвар бүртгэгдсэн бол тухай бүрт нь зарлаж байгаа. Арванхоёрдугаар сарын 23-наас хойш ихэнх үйлчилгээний газрууд ажиллахгүй байгаа. Ихэнхдээ хүнсний худалдааны газрууд ажиллаж байгаа тул иргэд хүнсээ худалдаж авахдаа халдвар хамгааллын дэглэм сайн сахих хэрэгтэй.

 

Top