ЭМЯ-наас өнөөдрийн ээлжит мэдээллээ өглөө.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 11152 хүнд PCR шинжилгээ хийхэд 22 хүнд коронавирус илэрчээ. Эдгээрийн долоо нь Франкфурт - Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн хүмүүс аж. Тэдний гурав дахь давтан шинжилгээнээс коронавирус илэрчээ.
Эдгээр долоон хүний нэг нь Жаргалантад тусгаарлагдаж байсан бол тав нь "Амар" зочид буудалд тусгаарлалтад байсан хүмүүс бөгөөд тэдний хамт "Амар" зочид буудалд ажиллаж байсан эмнэлгийн ажилтан буюу резидент эмч халдвар авчээ. Дотоодод нийт 15 тохиолдол бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн болон дотоодод гарсан нийт батлагдсан тохиолдол 1242 боллоо. Эдгээрийн 855 хүн буюу 68,8 хувь нь эдгэрч, эмнэлгээс гарчээ.
Тэгвэл "Мутацид орсон вирус Монголд орж ирээгүй. Вирусний идэвхжил өндөр байна. Халдварт өртсөн хүнД 48-72 цагийн дараа эмнэлзүйн шинж тэмдэг илэрч байгаа. Халдвар аваад 14 хоног вирус тараах эрсдэлтэй байдаг тул хүн амын дунд халдвар авснаа мэдэхгүй явах тохиолдол байж болзошгүй. Сүүлийн хоёр тохиолдол бол эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн үедээ ирсэн. Халдвар тараах эрсдэлтэй хүмүүс явж байна шүү гэдгийг бид анхааруулж байгаа" хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа онцоллоо.