Эх үүсвэр нь тогтоогдоогүй ДӨРВӨН ГОЛОМТ илэрчээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 02

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан олон нийтийн дунд эх үүсвэр тодорхойгүй халдвар гарсан талаар мэдээлэл хийлээ.
 


Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

-Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт үүссэн томоохон хэмжээний голомт үүссэнтэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагынхан тус дүүрэгт өргөжүүлсэн тандалт шинжилгээг байнга хийж ажиллаж байна. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 85 мянган өрхөөс шинжилгээ авсан. Өнгөрсөн хугацаанд энэ 85 мянган шинжилгээнээс Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтот халдвартай холбоогүйгээр коронавирусний халдвар авсан нь тогтоогдсон хүн илрээгүй. 

Гэвч өчигдөр, өнөөдөр хоёр хоногийн хугацаанд шалтгаан нь тодорхойгүй дөрвөн голомт илрээд байна. Өнөөдрийн байдлаар эх үүсвэр тодорхойгүй дөрвөн голомт байна гэсэн үг. 

Нэгдүгээрт, "Мөнххада" компанитай холбоотой нэг голомт байна. Мөн Баянзүрх дүүрэгт хийсэн шинжилгээнд ирсэн гэр бүлийн хоёр хүн байна. Баянгол дүүрэгт сайн дураар шинжилгээ өгсөн хоёр хүн байна. Дөрөвт нь, Баянзүрх дүүрэгт амьдардаг, биеийн дархлаа султай, гэртээ ганцаараа амьдардаг нэг хүнээс халдвар илэрсэн. 

Шинжилгээ хийсэн тоотой халдвар илэрсэн хүний тоог харьцуулахад бага байгаа боловч эх үүсвэр тодорхойгүй халдвар илэрч байгаа нь ард иргэдийн дунд халдвартай хүмүүс байх эрсдлийг нэмэгдүүлж байна. 

Нийтэд нь аваад үзвэл, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй нэг голомт, Хавдар судлалын үндэсний төвтэй холбоотой нэг голомт, эх үүсвэр тодорхойгүй голомтууд байна.

Саяын шинээр илэрсэн тодорхойгүй байсан голомтуудтай холбоотойгоор 18 тохиолдол нэмж бүртгэгдсэн. Энэ халдварын тархалт хэрхэн үргэлжлэхээс цааш ямар арга хэмжээ авах нь хамаарна. 

Хөл хорио нэгдүгээр сарын 6 хүртэл тавигдсан. Цаг үеийн нөхцөл байдал өдөр өдрөөр өөрчлөгдөж байна. Сүүлийн хоёр хоногт ард иргэд дунд явж байсан 18 тохиолдол гарч ирлээ. Маргааш 11 байгууллагын хамтарсан хурал болж, эрсдэлийн үнэлгээ хийгдэнэ. Цаашид хөл хориог сунгах магадлал өндөр байгаа.

 

Top