Т.Мөнхсайхан: Хоёр хоногт нийтийн дунд 18 тохиолдол илэрлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 02

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл өглөө.

Тэрбээр “БЗД-т том хүрээг хамарсан голомт үүссэнтэй холбоотой бид цаг наргүй ажиллаж байна. Тус дүүрэгт байнгын тандалт хийж, 85 мянган өрхөөс шинжилгээ авсан. Өнгөрсөн хугацаанд БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоогүй дөрвөн голомт илэрлээ. "Мөнххада" ХХК-ийн хоёр ажилтан, БЗД-ийн гэр бүлийн хоёр хүн, БГД-ийн хоёр иргэн, биеийн дархлаа султай нэг хөгшин халдвар авсан нь тогтоогдлоо. БЗД-ийн шинжилгээ авах цэгт 130 мянга орчим шинжилгээ хийсэн. Үүнтэй харьцуулахад халдвартай хүний тоо цөөн байгаа. Гэвч халдварын голомт тогтоогдоогүй зарим тохиолдол байна” гэлээ.

ВАКЦИН КОРОНАВИРУСНИЙ ХОР ХӨНӨӨЛӨӨС Ч ИЛҮҮ БАЙХ МАГАДЛАЛТАЙ

Засгийн газар өнгөрсөн оны долдугаар сарын 24-нд “КОВАКС” механизмд бүртгүүлсэн. Энэ оны эхний улиралд буюу гуравдугаар сард вакцин орж ирнэ. Цаад хугацааг гуравдугаар сарын 1 гэж ойлгож болно. Вакцин бол хамгийн эхэнд гарах арга хэмжээ биш. Коронавирусний нөхцөл байдлаас ч илүү хор хөнөөлтэй байх магадлалтай тул судлах шаардлагатай.

ХАЛДВАРТАЙ ИРГЭНИЙГ ГЭРТ НЬ ЭМЧЛЭХ ХЭМЖЭЭНИЙ ӨНДӨР АЧААЛАЛ АВААГҮЙ БАЙНА

Хөл хорио тогтоохын зорилго нь халдварын хүрээг бага байлгах зорилготой. Ингэснээр коронавирус дахин илрэхгүй болчих юм биш. Хөл хорио тогтоосноор халдварын тархалтыг 10 дахин багасгаж байна. Хөл хорио бол эрүүл мэндийн байгууллагын ачааллыг тэнцвэржүүлж байгаа чухал үзүүлэлт юм. Эрүүл мэндийн байгууллага халдвартай иргэдийг гэрт нь эмчлэх хэмжээний өндөр ачаалал аваагүй байна. Эмнэлгийн тусламж үзүүлэхээр бэлдсэн нийт орны 30 хувийг ашиглаж байгаа. 

ХӨЛ ХОРИОГ СУНГАХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙНА

Хөл хорио нэгдүгээр сарын 6 хүртэл тавигдсан. Цаг үеийн нөхцөл байдал өдөр өдрөөр өөрчлөгдөж байна. Сүүлийн хоёр хоногт ард иргэд дунд явж байсан 18 тохиолдол гарч ирлээ. Маргааш 11 байгууллагын хамтарсан хурал болж, эрсдэлийн үнэлгээ хийгдэнэ. Цаашид хөл хориог сунгах магадлал илүү өндөр байгаа.

Top