Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, шинжилгээ, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. (2021.01.03, 11:00 цагийн байдлаар)
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 5807 хүнд PCR шинжилгээ хийхэд 21 хүний шинжилгээнд коронавирус илэрчээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвийн эмнэлэгт батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар тусгаарлагдан, ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан 19 хүний 2-3 дахь давтан шинжилгээнээс халдвар илэрсэн байна. Мөн хоёр гэр бүлийн тандалтаас халдвар илэрчээ.
Шинээр 21 тохиолдол нэмэгдсэнээр Улаанбаатар хотын шинээр бүртгэгдэж байгаа кластер халдварын голомтод батлагдсан тохиолдол 450 боллоо. Бусад аймагт халдвар бүртгэгдээгүй.
Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомт дахь халдвартай хүний тоо 776 болсон байна. Сүүлийн 24 цагт 14 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.
Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо 1263 болж, үүний 869 тохиолдол нь эдгэрсэн байна. Өнөөдрийн байдлаар эмнэлгүүдэд нийт 384 хүн эмчлүүлж байгаа ажээ.