Эрүүл мэндийн яамны мэдээлснээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд 5807 хүнд PCR шинжилгээ хийхэд 21 хүний шинжилгээнд коронавирус илэрчээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвийн эмнэлэгт батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар тусгаарлагдан, ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан 19 хүний 2-3 дахь давтан шинжилгээнээс халдвар илэрсэн байна. Мөн хоёр гэр бүлийн тандалтаас халдвар илэрчээ.
Шинээр 21 тохиолдол нэмэгдсэнээр Улаанбаатар хотын шинээр бүртгэгдэж байгаа кластер халдварын голомтод батлагдсан тохиолдол 450 боллоо. Бусад аймагт халдвар бүртгэгдээгүй.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өмнө нь гарсан 4-5 том голомтыг хяналтын дараах 14 хоногийн ажиглалтад шилжүүлсэн. Харин БЗД-ийн хувьд том голомт гарсан учир хавьтлыг хянах хугацаа дуусаагүй. Бид 400-гаад хавьтлыг 14 хоногийн хяналтаас гаргаж, гэрийн ажиглалтад шилжүүлсэн. Одоо 900 гаруй ойрын хавьтлыг тусгаарлан, ажиглалт хяналтад аваад байна. Хоёрдагч хавьтал 2000 гаруй хүн байгаа. Баянзүрхийн дэгдэлттэй холбоотой гэр бүлийн дам хавьтлууд үүсэж байна. Мөн 1-2 хавьтлын эх уурхайг тогтоогдоогүй байгаа. Иргэдийн дунд шинж тэмдэггүй буюу хөнгөн балархай өвчилсөн хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Тиймээс хүн бүр хичээх хэрэгтэй" гэдгийг анхаарууллаа
Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомт дахь халдвартай хүний тоо 776 болсон байна. Сүүлийн 24 цагт 14 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.
Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо 1263 болж, үүний 869 тохиолдол нь эдгэрсэн байна. Өнөөдрийн байдлаар эмнэлгүүдэд нийт 384 хүн эмчлүүлж байгаа ажээ.