ЭМЯ, ХӨСҮТ-ээс коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. /2021.01.04/
Улаанбаатар хотод өндөржүүлсэн байдлыг цуцлахад өвчлөл нэмэгдэх магадлал өндөр байна гэж Эрүүл мэндийн сайдын зөвлөх хэллээ.
Монгол Улс өргөн уудам нутагтай. Орон нутагт гарч байгаа голомтууд өөрийн гэсэн онцлогтой байгаа учраас тухайн нөхцөл байдлуудад тохирсон бодлогуудыг хэрэгжүүлж байна. Тохиолдлын тоог хянаж, дэгдэлтийн эрчмийг бууруулах чиглэлд арга хэмжээ авч байна гэв.
Сануулахад, Улсын Онцгой комисс болон Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоогоод байгаа билээ. Уг хатуу хөл хорио ирэх лхагва /2021.01.06/ гарагийн 06:00 цагт дуусгавар болно.
Улсын Онцгой комисс өнөөдөр /2021.01.04/ хуралдаж Улаанбаатарт тогтоосон хатуу хөл хориог сунгах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Дараа нь Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг баталгаажуулах юм. Засгийн газрын ээлжит бус хуралдааныг 14:00 цагт товлоод байна. Өөрөөр хэлбэл, 14:00 цагаас өмнө Улсын Онцгой комисс хуралдаж, Засгийн газарт хөл хориог сунгах эсэх саналаа хүргүүлэх юм.