"Ачтан" эмнэлгээс коронавирусний тохиолдлууд илэрсэнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал дараах мэдээллийг өглөө. /2021.01.05/
Тус эмнэлэг шинэ жилийн дараа нэгдүгээр сарын 4-ний өдөр ажлаа эхлүүлэхээсээ өмнө 3-нд ажилтнуудаасаа шинжилгээ авахад есөн хүнээс коронавирус илэрчээ. Цаашид тандалт судалгааг үргэлжлүүлж байна.
"Ачтан" эмнэлэг нь нийт 134 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй. 2020 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд тус эмнэлгийн дотор, мэдрэл, хөнгөвчлөх эмчилгээний тасгууд ажиллаж, үйлчилгээ үзүүлж байжээ.
Тус эмнэлэг нь арванхоёрдугаар сарын 18-наас эхлээд амбулаториор үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийнхээ халууныг үзэж, асуумжаар судалгаа тандалт хийж байсан аж. Харин хэвтэн эмчлүүлж буй иргэдэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж байсан байна.
Хамгийн сүүлд тус эмнэлэгт хэвтсэн үйлчлүүлэгч арванхоёрдугаар сарын 24-нд хэвтэж, арванхоёрдугаар сарын 28-нд сүүлийн дөрвөн үйлчлүүлэгчийг эмнэлгээс гаргажээ. Улмаар арванхоёрдугаар сарын 29, 30-нд тус эмнэлэг бүх нийтийн цэвэрлэгээ хийж, эмч, эмнэлгийн ажилтнуудаа амраасан гэсэн мэдээлэлтэй байна.
2020 оны арванхоёрдугаар сарын 15-аас хойш "Ачтан" эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд, хэвтэн эмчлүүлсэн болон амбулториор үйлчлүүлсэн иргэд гэрийнхээ ойролцоох оношилгооны цэгүүд дээр очиж шинжилгээ өгөхийг хүсэж байна.