ЭМЯ: "Ачтан" эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд шинжилгээ өгнө үү!

2021 оны 01 сарын 05

"Ачтан" эмнэлгээс коронавирусний тохиолдлууд илэрсэнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас  мэдээлэл хийлээ. /2021.01.05/


Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байгаа гол зүйл бол 2020 оны арванхоёрдугаар сарын 15-наас хойш "Ачтан" эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд, хэвтэн эмчлүүлсэн болон амбулаториор үйлчлүүлсэн иргэд гэрийнхээ ойролцоох оношилгооны цэгүүд дээр очиж шинжилгээ өгөхийг хүсэж байна. Очиж байгаа иргэд маань амны хаалтаа зүүж, зайгаа барин шинжилгээнд хамрагдах нь чухал байна." гэв.


Тус эмнэлэг шинэ жилийн дараа ажлаа эхлүүлэхээсээ өмнө ажилтнуудаасаа шинжилгээ авахад есөн  хүнээс коронавирус илэрчээ. Цаашид тандалт судалгааг үргэлжлүүлж байна.

"Ачтан" эмнэлэг нь нийт 134 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй. 2020 оны арванхоёрдугаар сарын 28-ныг хүртэлх хугацаанд дотор, мэдрэл, хөнгөвчлөх эмчилгээний тасгууд ажиллаж байсан байна.

Тус эмнэлэг нь арванхоёрдугаар сарын 18-наас эхлээд амбулаториор үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийнхээ халууныг үзэж, асуумжаар судалгаа тандалт хийж байсан. Хэвтэн эмчлүүлэгчдээсээ бүгдэд нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч  байсан аж.

Хамгийн сүүлд тус эмнэлэгт хэвтсэн үйлчлүүлэгч арванхоёрдугаар сарын 24-нд хэвтэж, арванхоёрдугаар сарын 28-нд сүүлийн дөрвөн үйлчлүүлэгчийг эмнэлгээс гаргасан. Тус эмнэлэг арванхоёрдугаар сарын 29, 30-нд бүх нийтийн цэвэрлэгээ хийгээд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ амраасан гэсэн мэдээлэлтэй байна.

Top