Өнөөдрийн байдлаар "Ачтан" эмнэлгийн ажилчид болон тэдний ар гэрээс нийт 16 халдварын тохиолдол бүргэгдээд байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Одоогоор халдварын эх сурвалжийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд ойрын болон дам хавьтлын иргэдийг тусгаарлаж, шинжилгээ авч эхлээд байгаа юм.
Тэгвэл өнгөрсөн арванхоёрдугаар сарын 15-наас хойш "Ачтан" эмнэлгээр үйлчлүүлж, үйлчилгээ авсан зарим иргэн хөдөө, орон нутгийг зорьжээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арванхоёрдугаар сарын 15-наас хойш "Ачтан" эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд сайн дураараа шинжилгээнд хамрагдах хэрэгтэй байна. Тус эмнэлгээр үйлчлүүлсэн зарим иргэн хоёр, гурван аймгийг зорьсон тохиолдол бий. Бид тухайн аймагтай нь холбогдож, Улаанбаатар хотоос очсон иргэдийг тусгаарлаж, шинжилгээ авч явуулахыг чиглэл болгосон. Халдвар хөдөө, орон нутагт тархах эрсдэл маш өндөр байна. Тиймээс иргэдийг хөдөө, орон нутгийг зорихгүй байхыг анхааруулж байна" гэх тайлбарыг өглөө.