“Ачтан” эмнэлгийн голомтод нийт 45 тохиолдол батлагдаад байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 01 сарын 09

ЭМЯ, ХӨСҮТ-ээс коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийж байна./2021.01.09/ 

Сүүлийн 24 цагт ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн  болон бусад салбар лабораториудад нийт 13,773  хүнд шинжилгээ хийснээс 13 хүнд халдвар илэрлээ. Эдгээр тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Өмнөх халдварын голомтуудын хавьтлаар тусгаарлагдсан иргэдээс халдвар батлагдсан.

"Ачтан" эмнэлэг, Тэнүүн-Огоо, Баянзүрх дүүргийн эмнэлэгтэй холбоотой тохиолдлууд байна гэв. Шинээр батлагдсан 13 тохиолдлын 6 нь "Ачтан" эмнэлгээс үүссэн голомттой холбоотой. Тус эмнэлгийн  нийт 21 эмч, ажилтан халдвар авсан. Тэдний гэр бүлийн 24 хүн халдвар авч, нийтдээ энэ голомтод бүртгэгдсэн халдвар 45 боллоо.

Улаанбаатарт коронавируст халдвар 584 болсон. Бусад аймгуудад мөн хугацаанд халдвар бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд кластер халдварын голомтод 910 тохиолдол боллоо. Улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн болон дотоодын нийт халдвар 1408 боллоо. Үүнээс 896 хүн эдгэрч, 501 хүн эмчлэгдэж байна. Эмчлэгдэж байгаа эмчлүүлэгчдээс маш хүнд 3, хүнд 12, хүндэвтэр 134, хөнгөн 352 хүн байна гэсэн мэдээллийг өглөө.

Top