Эрүүл мэндийн яамны Шуурхай штаб дээр ажиллаж байгаа Судалгаа шинжилгээнээс бүлгээс өнөөдөр /2021.01.09 / мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн З.Адъяасүрэн дараах зөвлөмжийг өглөө.
Тэрбээр "Амны хаалтыг солихгүй, удаан хугацаагаар зүүх байдал ажиглагдаж байна. Амны хаалтынх нь өнгө зүс нь муудчихсан, бараг хэртүүлчихсэн зүүж байгаа нь мэр сэр ажиглагдаж байна. Тэгэхээр амны хаалтыг хэрэглэхдээ халдвараас сэргийлэх хугацаа, амны хаалтын чанараас шалтгаалаад янз бүр байгаа. Тиймээс тухайн амны хаалт ямар хугацаанд таны эрүүл мэндийг хамгаалж чадах вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй.
Зөв зүүх гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Амны хаалтын дээд талын чангалуурыг хамар дээрээ сайн чимхэж өгөх хэрэгтэй. Онгорхой байвал хамгаалах чанар нь алдагдана. Мөн амны хаалт зүүчихээд, хаалтны гадна тал бохирлогдож байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Телевизээр гарч байгаа хүмүүс амны хаалтаа хуруугаараа оролдоод, нааш цааш нь татаад байгаа нь харагдаж байна. Энэ бол маш буруу. Хэрвээ амны хаалтын гадна талд халдвартай вирус наалдсан байвал түүнийг хуруундаа нааж авч байна гэсэн ойлголтыг бодож үзээрэй.
Уур амьсгал хүйтэн байгаатай холбоотойгоор амны хаалт чийгтэж норж байгаа. Хэрвээ амны хаалт норвол хамгаалах чадвар нь мөн буурна. Иймээс хэд хэдэн амны хаалтыг нөөцөөр биедээ авч явж, шаардлагатай үед нь солих хэрэгтэй гэдгийг зөвлөж байна.
Коронавирусний халдвараар сэргийлэхэд өөрөө өөрийгөө хамгаалах гэдэг зарчим бол хамгийн нэг номерийн, хялбар арга. Амны хаалт зүүх, бээлий өмсөх, зай барих гэсэн гурван арга бол ямар ч нөхцөлд өөрийгөө халдвараас сэргийлэх хамгийн боломжтой арга юм" гэлээ.