Сэлэнгэ аймагт эмчлүүлж байсан ХАЛДВАРТАЙ ИРГЭД бүгд эдгэрчээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 12


Эрүүл мэндийн яамны мэдээлснээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд холбогдох лабораториудад 15849 хүнд шинжилгээ хийхэд 14 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Эдгээр нь бүгд Улаанбаатар хотод хамаарч байна.  Тодруулбал, Баянзүрх дүүргийн 17-р хорооны хоёр гэр бүлийн есөн хүн буюу гэр бүлийн хавьтал болсон, Тусгаарлах байранд байсан хүмүүс. Баянгол дүүргийн 6-р хорооны нэг гэр бүлийн гурван хүн. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой гэр бүлийн дамжсан халдвараас нэг хүн, мөн Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтны ойрын хавьтал нэг хүнээс тус тус халдвар илэрчээ. 

Улаанбаатарт нийт батлагдсан тохиолдол 630 боллоо. Аймгуудад халдвар бүртгэгдээгүй.

Сэлэнгэ аймагт хэвтэн эмчлүүлж байсан 7 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар өнөөдрийн байдлаар тус аймагт коронавирусний халдвартай хүнгүй боллоо. Сэлэнгэ аймагт өдөрт дунджаар 100-гаад хүнээс шинжилгээ авах маягаар нийтийн дунд тандалтыг үргэлжлүүлж байгаа бөгөөд өнгөрсөн өдрүүдийн шинжилгээ бүгд сөрөг гарчээ. 

Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 956 тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээрийн 494 хүн буюу 51,6 хувь нь эмчлэгдэж, бүрэн эдгэрчээ. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд 43 хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжлээ. Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1456 хүрлээ. Үүний 909 нь буюу 62,4 хувь нь эдгэрсэн байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн батлагдсан тохиолдол, голомттой холбоотойгоор ойрын хавьтал 39-өөр нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар нийт 986 хүн ойрын хавьтал гэж бүртгэгдэн, хяналтад байна. Хоёрдогч хавьтал 54 хүнээр нэмэгдэж, нийт тоо 2198 боллоо. Баянгол дүүргийн 5, 6-р хороонд голомтын илрүүлэг, шинжилгээ хийгдсэн. Нийтдээ 21176 хүн шинжилгээнд хамруулахад 10 хүнээс коронавирус илэрсэн. Эдгээр тохиолдол өмнө нь халдвар бүртгэгдсэн орон сууц, орцны хүмүүс байна.  Шинжилгээ үргэлжилжилж байна. Нөхцөл байдлаас харахад хавьтал болсон хүмүүсийн 80-аад хувь нь халдварт өртөж байна. Одоогоор бүртгэгдсэн халдварын хамт олон, байгууллагаас халдвар авсан тохиолдол 20 хувийг эзэлж байна. Гэр бүлийн хүрээнд халдвар тархах эрсдэл өндөр байна. Мөн зохион байгуулалттай арга хэмжээнд очсон хүмүүс халдвар авч, тарааж байна. Үүнийг хүн бүр анхаарах хэрэгтэй" гэдгийг анхаарууллаа.  
 

Top