"Энхсаран" сувилал, иргэн Д-тэй холбоотой голомт тасарсан

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 12

ЭМЯ-наас өнөөдрийн ээлжит мэдээллээ өглөө.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариулсан тайлбарыг хүргэж байна.

-Коронавирусний халдвар 5-7 хоногийн дотор хоёроос дээш тохиолдол илэрвэл голомт гэж үзнэ. Одоогоор шинээр голомт үүсээгүй байна. БЗД-ийн эмнэлэг бол том эмнэлэг, олон ажилтантай, олон хүн хэвтдэг, гаднаас эргэлт авна. Энэ эмнэлгийн голомтод 329 тохиолдол бүртгэгдсэн. Хавдар судлалын үндэсний төвийн голомтоос сүүлийн долоо хоногт халдвар нэмж гараагүй. "Энхсаран" сувилал болон иргэн "Д"-тэй холбоотой голомт тасарсан. 

Хамгийн сүүлийн том голомт бол "Ачтан" эмнэлгийн 21 ажилтан, тэдний гэр бүлийн болон бусад гээд 26 тохиолдол байна. Нийтдээ 47 тохиолдол бүртгэгдээд байна. Одоо ч "Ачтан" эмнэлгийн голомт үргэлжилж байгаа. "Мөнххада" ХХК-ийн ажилтан 8, тэдний гэр бүлийн 10 гаруй хүн халдвар авсан. Мөн "Тэнүүн огоо" ХХК-ийн жолооч нар нийлж салхинд гарсан, үүнээс улбаалж 17 тохиолдол бүртгэгдээд байна.

Нийслэлийн 4 орон сууц тойрсон тодруулбал, 65, 57, 43, "Ачтан" эмнэлгийн ажилчдын байрнаас гарч буй голомт үргэлжилж байна.

Нийслэлд 30 гаруй цэгээр шинжилгээ авч байгаа. Үүнээс одоогоор халдвар илрээгүй байна. БГД-ийн 5, 6 дугаар хорооны 20 гаруй мянган иргэнээс шинжилгээ авахад 10 гаруй хүнээс халдвар илрээд байна. Гэхдээ ард иргэдийн дундаас шинэ халдвар гарахгүй гэж баталгаа байхгүй. Цар тахлын вирус учраас хаана ч халдвар авах эрсдэлтэй. Хэн ч энэ вирусээр өвчлөөд шинж тэмдэггүй явж байх магадлалтай. 
 

Top