Хавьтал болсон хүмүүсийн 80-аад хувь нь халдварт өртөж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 12

Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд холбогдох лабораториудад 15849 хүнд шинжилгээ хийхэд 14 хүний шинжилгээнд коронавирус илэрчээ. Эдгээр нь бүгд Улаанбаатар хотод хамаарч байна. 

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 17-р хорооны хоёр гэр бүлийн есөн хүн буюу гэр бүлийн хавьтал болсон, Тусгаарлах байранд байсан хүмүүс. Баянгол дүүргийн 6-р хорооны нэг гэр бүлийн гурван хүн. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой гэр бүлийн дамжсан халдвараас нэг хүн, мөн Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтны ойрын хавьтал нэг хүнээс тус тус халдвар илэрчээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн батлагдсан тохиолдол, голомттой холбоотойгоор ойрын хавьтал 39-өөр нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар нийт 986 хүн ойрын хавьтал гэж бүртгэгдэн, хяналтад байна. Хоёрдогч хавьтал 54 хүнээр нэмэгдэж, нийт тоо 2198 боллоо. Баянгол дүүргийн 5, 6-р хороонд голомтын илрүүлэг, шинжилгээ хийгдсэн. Нийтдээ 21176 хүн шинжилгээнд хамруулахад 10 хүнээс коронавирус илэрсэн. Эдгээр тохиолдол өмнө нь халдвар бүртгэгдсэн орон сууц, орц, нэг гудамжны хүмүүс байна.  Шинжилгээ үргэлжилжилж байна. Нөхцөл байдлаас харахад хавьтал болсон хүмүүсийн 80-аад хувь нь халдварт өртөж байна. Одоогоор бүртгэгдсэн халдварын хамт олон, байгууллагаас халдвар авсан тохиолдол 20 хувийг эзэлж байна. Тухайлбал, нэг байгууллага дотор ажилладаг 22 ойрын хавьтлаас халдвар илэрсэн байна. Түүнчлэн нийт бүртгэгдсэн тохиолдлын 40 гаруй хувь нь гэр бүлийн хавьтлууд бол 10 гаруй хувь нь зохион байгуулалттай арга хэмжээ буюу үсний найр, баяр ёслол тэмдэгдэх, салхинд гарсантай холбоотойгоор халдварт өртжээ. Мөн нийт батлагдсан тохиолдлын 10 гаруй хувь нь орц, гудамжтай холбоотойгоор халдварт өртсөн байна" гэж анхаарууллаа. 

Өнөөдрийн байдлаар ийн Улаанбаатарт нийт батлагдсан тохиолдол 630 боллоо. Аймгуудад халдвар бүртгэгдээгүй. 

Сэлэнгэ аймагт хэвтэн эмчлүүлж байсан 7 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар өнөөдрийн байдлаар тус аймагт коронавирусний халдвартай хүнгүй боллоо. Сэлэнгэ аймагт өдөрт дунджаар 100-гаад хүнээс шинжилгээ авах маягаар нийтийн дунд тандалтыг үргэлжлүүлж байгаа бөгөөд өнгөрсөн өдрүүдийн шинжилгээ бүгд сөрөг гарчээ. 

Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 956 тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээрийн 494 хүн буюу 51,6 хувь нь эмчлэгдэж, бүрэн эдгэрлээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 43 хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжлээ. 

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1456 хүрлээ. Үүний 909 нь буюу 62,4 хувь нь эдгэрсэн байна. 

 

Top