БЗД-т шинэ голомт үүссэн тул иргэдээс ШИНЖИЛГЭЭ авна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 13

Эрүүл мэндийн яамны 11:00 цагийн мэдээлснээр Монгол Улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол нэгдүгээр сарын 13-ны байдлаар 13-аар нэмэгдэж, 1469 (Эдгэрсэн 909) боллоо.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 16975 хүнд шинжилгээ хийсэн байна. Шинээр илэрсэн 13 тохиолдол Улаанбаатарт бүртгэгдсэн ба "Ачтан" эмнэлгийн нэг эмч, БГД-ийн 4-р хорооны батлагдсан тохиолдлын хавьтал 3 гэр бүлийн 7 хүн, батлагдсан тохиолдлын хөрш нэг хүн, БЗД-ийн 17-р хорооны батлагдсан тохиолдлын гэр бүл, хөрш дөрвөн хүнээс халдвар илэрчээ. 

Баянзүрх дүүргийн 9, 17-р хороонд халдварын шинэ голомт үүссэн тул тус хорооны иргэдийг өргөтгөсөн шинжилгээнд хамруулахаар болжээ. Баянзүрх дүүргийн 17-р хороонд буюу Шар хадны эмнэлэг, Техникийн зах, Эмнэлгийн гудамж гэж нэрлэдэг хэсгээс халдвар нэмж бүртгэгдэж байгаа ажээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн үеийн том голомт болох "Ачтан" эмнэлгээс улбаатай, дам, гинжилсэн халдвар үргэлжилж байна. Нийт халдварын тоо 48 хүрсэн. Эдгээрийн 22 нь эмнэлгийн ажилтан бол гэр бүлийн болон бусад хавьтагчид болох 26 хүн байна. "Мөнххада", "Тэнүүн-Огоо" компанийн үргэлжилсэн голомтууд анхаарлын төвд хэвээр байна. Мөн эдгээрээс эх сурвалжтай Баянгол дүүргийн 5 орон сууцанд голомт бүртгэгдсэн. Ойрын хавьтлуудыг тусгаарласан. Сүүлийн үед идэвхтэй байгаа нэг голомт нь БЗД-ийн 17-р хороо болж байна. Тус хорооны дөрвөн гэр бүлийн арав гаруй хүн өвчилсөн. Мөн эндээс үргэлжлэн тус дүүргийн 9-р хороонд хүмүүс өвчилсөн. Тиймээс БЗД-ийн 17-р хороонд Баянгол дүүрэгт хийсэн шиг голомтын илрүүлэг, шинжилгээний ажлыг өнөөдрөөс эхлүүлж байна.

Шинээр үүссэн голомттой холбоотой ар талд нь олон хүнийг хамарсан байгууллага байгаа. 
 

  • "Алтан жолоо" компанийн нэг ажилтан халдварт өртсөн учраас тус компанийн төв оффист байгаа хүмүүсийг шинжилгээнд хамруулж, 47 хүнийг тусгаарласан.
     
  • Мөн 17-р хорооны ажилтан болох гурван хүн өвчилсөн учраас хорооны ажилчдыг тусгаарлах, шинжилгээ авах ажил үргэлжилж байна.
     
  • "Дөрвөн бэрх", "Цаст" гэсэн хамгаалалтын албанд ажилладаг хүмүүсээс мөн халдвар илэрсэн тул эдгээр харуул, хамгаалалтын албаны ажилтнуудыг тусгаарлан, хяналт, шинжилгээ хийж байна" гэлээ.

Улсын хэмжээнд кластер эмнэлгийн голомтод 969 тохиолдол бүртгэгдээд байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд Цэргийн төв эмнэлгээс 18, ХӨСҮТ-өөс 20 хүн эдгэрч, дараагийн шатны эмнэлгийн хяналт руу шилжжээ.
 

Top