Монгол Улс Pfizer, AstraZeneca, Moderna компанийн вакцин хэрэглэх нь баталгаажлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 13

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр Засгийн газрын гишүүд коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатарын танилцуулга мэдээллийг сонсжээ. 

Монгол Улсад гурван нэр төрлийн вакцин хэрэглэх зөвшөөрөл олгосон ба Эрүүл мэндийн яамнаас хүн амынхаа 60 хувийг вакцинжуулалтад хамруулахаас 20 хувь нь КОВАКС-аас авахаар төлөвлөж байгаа талаар өмнө мэдээлж байсан билээ. 

Тэгвэл 2021 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр ЭМЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөл, Дархлаажуулалтын зөвлөх хороотой хамтарсан хурал хийж, Pfizer, AstraZeneca, Moderna компаниудын вакциныг Монгол Улсад яаралтай журмаар бүртгэх зөвшөөрөл олгосон байна.

Вакцинд эхний ээлжинд хамрагдах халдварын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнууд, эрхтэн шилжүүлэн суулгасан, гемодиализ эмчилгээнд ордог гэх мэт удаан хугацааны эмчилгээтэй өвчтөнүүд, 70-аас дээш насны ахмадуудын судалгааг гаргаж байгаа талаар Засгийн газрын Хэвлэлийн албанаас мэдээллээ. 

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам 2020 оны долоодугаар сараас эхлэн КОВИД-19 халдвараас сэргийлэх вакцинд хүн амыг хамруулах талаар бүх чиглэлээр идэвхтэй ажиллаж эхэлсэн. Үүний нэг нь КОВАКС олон талт хамтын ажиллагааны механизм бөгөөд Монгол Улс уг механизмд хамрагдан хөгжлийн албан ёсны туслалцааны хүрээнд КОВИД-19 халдвараас сэргийлэх аюулгүй, үр дүнтэй вакцин авах хүсэл сонирхолтой байгаагаа 2020 оны долоодугаар сарын 16-ны өдөр албан ёсоор илэрхийлсэн. Түүнээс хойш 2020 оны долдугаар сарын 30-ны өдөр хуралдсан КОВАКС механизмын Захирлуудын зөвлөлийн хурлын шийдвэрээр Монгол Улс тус механизмын АМС бүлэгт хамрагдах эрхтэй 92 улсын жагсаалтад багтсан юм. 

Top