ШУУРХАЙ: БЗД-ийн 17-р хороонд "ТЭГ ЗОГСОЛТ" хийхээр боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 13

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд 2021.01.14-ний 06:00 цагаас эхлэн 2021.01.16-ны 23:00 цаг хүртэл гурав хоногийн хугацаатай "Тэг зогсолт" буюу хэсэгчилсэн хязгаарлалт хийх шийдвэр гарчээ.

Баянзүрх дүүргийн Засаг даргын Хязгаарлалтын дэглэм тогтоох тухай А/08 дугаар захирамжийн дагуу "Тэг зогсолт" хийх хугацаанд хүнсний дэлгүүр, эмийн сан, сайжруулсан түлш борлуулах цэг, худаг, Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс бусад иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох аж. 

Баянзүрх дүүргийн 17-р хороонд буюу Шар хадны эмнэлэг, Техникийн зах, Эмнэлгийн гудамж орчмын оршин суугчдаас халдвар нэмж бүртгэгдэж байгаа тул ийм арга хэмжээ авахаар болжээ. 

Шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар Баянзүрх дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабын дарга Г.Жаргалсайхан мэдээлэл хийлээ.
 

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр 11:00 цагт мэдээлснээр Монгол Улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол сүүлийн 24 цагийн хугацаанд 13-аар нэмэгдэж, нийт тохиолдол 1469 (Эдгэрсэн 909) болсон. Шинээр илэрсэн 13 тохиолдол Улаанбаатарт бүртгэгдсэн ба "Ачтан" эмнэлгийн нэг эмч, БГД-ийн 4-р хорооны батлагдсан тохиолдлын хавьтал 3 гэр бүлийн 7 хүн, батлагдсан тохиолдлын хөрш нэг хүн, БЗД-ийн 17-р хорооны батлагдсан тохиолдлын гэр бүл, хөрш дөрвөн хүнээс халдвар илэрсэн юм. 

Мөн Баянзүрх дүүргийн 17-р хорооны 3-4 ажилтан халдвар авсан, батлагдсан тохиолдлын хавьтлууд халдварт өртсөн зэрэг нөхцөл байдал бий болж, 9, 17-р хороонд халдварын шинэ голомт үүссэн тул өнөөдрөөс тус хорооны иргэдийг өргөтгөсөн шинжилгээнд хамруулж эхлээд байгаа. Өнөөдрийн хувьд хөдөлгөөн хаалгүй шинжилгээ авч байсан ч нөхцөл байдал хүндрэхээс сэргийлж, цаашид хорооны хэмжээнд тэг зогсолт хийж, шинжилгээ авах ажлыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. 
 


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр Баянзүрх дүүргийн халдвар тархалтын талаар "Сүүлийн үед идэвхтэй байгаа нэг голомт нь БЗД-ийн 17-р хороо болж байна. Тус хорооны дөрвөн гэр бүлийн арав гаруй хүн өвчилсөн. Мөн эндээс үргэлжлэн тус дүүргийн 9-р хороонд хүмүүс өвчилсөн. Тиймээс БЗД-ийн 17-р хороонд Баянгол дүүрэгт хийсэн шиг голомтын илрүүлэг, шинжилгээ хийнэ" гэх мэдээллийг өгсөн. 

Баянзүрх дүүрэгт шинээр үүссэн голомттой холбоотойгоор:
 

  • "Алтан жолоо" компанийн нэг ажилтан халдварт өртсөн учраас тус компанийн төв оффист байгаа хүмүүсийг шинжилгээнд хамруулж, 47 хүнийг тусгаарласан.
     
  • БЗД-ийн 17-р хорооны ажилтан болох гурван хүн өвчилсөн учраас хорооны ажилчдыг тусгаарлах, шинжилгээ авах ажил үргэлжилж байна.
     
  • "Дөрвөн бэрх", "Цаст" гэсэн хамгаалалтын албанд ажилладаг хүмүүсээс мөн халдвар илэрсэн тул эдгээр харуул, хамгаалалтын албаны ажилтнуудыг тусгаарлан, хяналт, шинжилгээ хийж байгаа ажээ. 


Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар кластер эмнэлгийн голомтод 969 тохиолдол бүртгэгдээд байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд Цэргийн төв эмнэлгээс 18, ХӨСҮТ-өөс 20 хүн эдгэрч, дараагийн шатны эмнэлгийн хяналт руу шилжжээ.

 

Top